Монголын шатрын холбооноос Үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг 2025 оны нэгдүгээр сарын 15-19-ний өдрүүдэд "Дүүрэн" төвийн байранд зохион байгууллаа. Тус сонгон шалгаруулах тэмцээнд Олон улсын шатрын холбооноос 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийтэлсэн идэвхитэй шатар тоглож буй монгол шатарчдын гадаад чансаагаар эмэгтэй, эрэгтэй ангиллын эхний 25 байрт эрэмбэлэгдсэн шатарчдаас дарааллын дагуу мэдүүлэг ирүүлсэн тус бүр шилдэг 10 шатарчид өрсөлджээ.
2025 онд Монгол Улсыг шатрын спортоор дэлхийн тавцанд төлөөлөх Үндэсний шигшээ багийн тамирчдад нэр дэвшихээр дараах шатарчид шалгарсан байна. Үүнд,
Эмэгтэй шигшээ:
1. ОУМ/эИМ Б.Мөнгөнтуул
2. эИМ Т.Мөнхзул
3. эИМ Ү.Үүрийнтуяа
4. эФДМ Б.Мөнгөнзул
Эрэгтэй шигшээ:
1. ОУМ С.Ган-Эрдэнэ
2. ОУМ М.Амилал
3. ОУМ Г.Амартүвшин
4. ФМ Н.Содбилэгт
Монголын шатрын холбооны УЗ-ийн ээлжит хурлаар ҮШБ-ийн дасгалжуулагч сонгогдох бөгөөд тус хурлаар нэр дэвшигч тамирчдыг батламжилж, БТСУХ-ноос болон холбооноос тамирчин, дасгалжуулагчтай гэрээ хийснээр эрхзүйн хүрээнд Монгол Улсаа төлөөлөх ҮШБ-ийн дасгалжуулагч, тамирчны эрх үүснэ.
Ташрамд дурдахад, 2026 оны Үндэсний шигшээ багийн тамирчдад нэр дэвших шатарчид 2025 оны МУ-ын аварга шалгаруулах тэмцээний анхан шат, хагас шигшээ, шигшээ гэсэн шатны бүх шатарчдыг тэгш хамарсан нэгдсэн тэмцээнээс сонгогдох аж.