Монголын 3х3 төрлийн эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд Сингапур улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хос мөнгөн медаль жингэнүүлэв. Тэгвэл бид эрэгтэй шигшээ багийн хожлын түүчээ байж, шийдвэрлэх мөчид торгуулийн шидэлтээр ялалтыг авсан А.Анандын тухай 10 баримтыг дэлгэж байна.
Баримт 1
Тэрбээр 1997 оны дөрөвдүгээр сарын 14-нд төрсөн.
Баримт 2
196 см өндөр. 80 кг жинтэй.
Баримт 3
“ТLG-13” клубээс тамирчны замналаа эхэлсэн А.Ананд, 2019 онд Япон Улсын “Жобу” их сургуульд олон улсын бизнесийн чиглэлээр сурч байх хугацаандаа Японы хоёрдугаар дивизионд өрсөлддөг “Жобу” их сургуулийн багт гарааны тоглогч байв. Энэ үед “Хагуро” сургуулийн нэрийн өмнөөс Японы сурагчдын лигт өрсөлдөхдөө 28 оноо, самбараас бөмбөг авалт 19, оновчтой дамжуулалт ес, бөмбөг таслалт дөрвийг дунджилсан байдаг. Мөн тухайн үедээ “Ямагата Ничидай” сургуулийн эсрэг хийсэн тоглолтын турш 45 оноо авч Японыг шуугиулсан юм.
Баримт 4
Түүний дараа “Улаанбаатар ММС Энержи” багт тоглохын тулд их сургуулиа гуравдугаар дамжаанаас орхиж, Монголдоо иржээ. Японы сурагчдын лигт ийн гялалзаж явсан түүнийг эх орондоо ирэхэд хамгийн чухал нөлөөлсөн хүн МУГД С.Тулга аж. Учир нь А.Ананд 13 настайдаа “Sprite” лигт тоглож байхад нь С.Тулга багш хараандаа авчээ.
Баримт 5
Япон Улсыг зорихоосоо өмнө багшийнхаа удирдлагад дөрвөн жил хичээллэж, өсвөр үеийн УАШТ-ийн шилдэг тоглогчоор удаа дараа тодорч, 2013 онд насныхаа ангилалд шилдэг тамирчнаар шалгарч байв.
Баримт 6
Ингээд эх орондоо ирээд удаагүй байтал А.Ананд 2019 оны Дэлхийн аварга шалгаруулах “FIBA 3x3” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож дэлхийн шилдгүүдийн эгнээнд дуудагдах болов. Тухайлбал, Монголын сагсанбөмбөгийн 3x3 төрлийн ирээдүй тамирчин гэгдэж байсан тэрбээр FIBA 3x3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг баззер. Түүнчлэн FIBA холбооноос олныг шуугиулж, шинээр танигдсан шилдэг 10 тоглогчийг онцлохдоо А.Анандыг хамгийн шилдгээр нэрлэж байсан удаатай.
Баримт 7
Түүний энэхүү сод амжилтыг анзаарсан Словенийн дасгалжуулагч Улсынхаа тамирчин болгох хүсэлтэй явдгаа илэрхийлж, Япончууд 2020 оны нэгдүгээр сард эхлэх лигтээ легионероор тоглуулах санал тавьж байсан юм. Гэвч А.Ананд эцсийн зорилгодоо хүрэхийн тулд эдгээр саналаас татгалзаж байжээ.
Баримт 8
Тэрбээр 379,416 оноотойгоор дэлхийн чансааны 71 дүгээр байрт бичигдэж байна.
Баримт 9
Тэрбээр өнгөрсөн ААШТ-нд нийт таван тоглолт хийж, 39 оноо дунжилсан нь хувийн дүнгээр хоёрт орох амжилт юм. Хувийн дүнгээр хамгийн олон оноо авсан тоглогч бол Австралийн тоглогч Тодд Бленчфилд юм. А.Ананд, Т.Бленчфилд нарын араас Японы Рюүто Ясоака 22 оноо авснаар гуравдугаар байрт бичигдэж буй. Мөн тэр тэмцээний бэлгэдлийн багийн гишүүн болсон.
Баримт 10
Тэрбээр 3х3 үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний хамтаар 2023 оны дөрөвдүгээр сард болсон ААШТ-ээс Монголын хоёр дахь алтан медалийг хүртэж байлаа. Анх 2017 онд Энхбатын Дөлгөөн, Даваасамбуугийн Дэлгэрням, Энхтайваны Цэрэнбаатар, Готовын Цэнгүүнбаяр нар анхлан хүртэж байв. Монгол Улсын 3х3 үндэсний шигшээ баг 2018 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа финалд шалгарч Австрали улсын хүчирхэг багт нэмэлт цагт хожигдсоноор мөнгөн медалийн эзэд болсон билээ. Тэд 2019 онд мөн мөнгөн мепаль хүртэж байв. Тэр цаг үеэс л А.Ананд гэх залуу шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, найдвар алдахгүй залгамж халаа гэдгээ батлан харуулсан билээ.
Эцэст нь түүний ялалтынг авчирсан шидэлт...
Линк: https://www.facebook.com/FIBA3x3/videos/1097295561495014/
Л.Сайнаа