Сүр хүч, тэсвэр тэвчээр, хөлс хөдөлмөрийн үнэ, амьдралын он жилүүдийн золиосоор олддог алдар нэр бол "тамирчин" хүнийх. Өнөөдрөөс 127-хон хоногийн дараа хүн төрөлхтний цэнгэлийн манлай олимп Парис хотноо өндөр үүдээ нээнэ. Гэтэл эв найрамдлыг сануулан ирж буй "алтан мөч"-ийн өмнө Чөлөөт бөхийн холбоо "салан задгай" хэвээр.
Эл хойрго, залхаг байдал нь тамирчдын хүсэл тэмүүллийг сульдааж, эр бярыг мохоож, эрмэлзлийг нь унтрааж байна. Дөрвөн жилд ганцхан удаа оргилоо үзүүлдэг спортын өндөрлөгийг дарга нар хүртэл сүүдрээрээ хааж болно гэж үү?
Монголчуудын итгэл найдварын галыг өрддөг “Топ-4” спортын нэг бол чөлөөт бөх. Одоогоор олимпын хоёрхон эрхтэй байна. Угтаа олимпын эрхийн төлөөх тэмцээний шүгэлийн дууг сонсохын төлөө, хичээл зүтгэлийнхээ хариултыг дэвжээнээс авахын учир цаг хугацааг тэд хөлс шиг ээ дуслуулсан. Өдгөө бол төвлөрлийн дээд хэмжээнд хүрэхийн ирмэгт зогсож байх ёстой шүү дээ. Гэвч тавьхан өдрийн хойно болох их өрсөлдөөний талбар руу хэн, хэзээ явах нь өнөөг хүртэл тодорхой болсонгүй. Төөрүүлж орхилоо, тэднийг. Эх орныхоо нэрийн өмнөөс 8 тэрбум хүний өмнө зогсох урт холын замд нь зориг, ар тал, дэм болж, "шат" шиг байх ёстой холбоо нь тамирчдын сэтгэл зүйгээр "хүйтэн заал"-ныхаа шалыг нэгэнт арчих нь.
МЧБХ-ны удирдлагууд журам батлаад шургуулгандаа мартчихаагүй л байлтай. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард баталсан журам нь битгий хэл, удирдаачийн бараа сураг ч алга. Бүхэл бүтэн дөрвөн сар өнгөрлөө, хэл үг ч алга. Чухамдаа тамирчид холбооныхоо учир битүүлгийн учрыг олох гэсээр чөдөр, дөнгөндөө түүртэж цуцах шинжтэй болов. Ийм будилам "хав харанхуй" сорилго тэмцээнийг хүлээж ядсан зарим тамирчны бэлтгэл цөмөрч эхэлсэн чимээ чих дэлсэж байна.
Манай чөлөөт бөхийн тамирчдад олимпод хүрэх тасалбараа авах ердөө хоёрхон боломж байв. Нэг нь Турк улсад ирэх тавдугаар сарын 10-ны өдөр эхэлнэ. Одоо хөшсөн биеийнхээ чилээг гаргаж, шургуулгандаа мартсан журмаа сөхөж хараад хэрэгжүүлж эхлэхгүй бол "нохойн дуу ойртох" битгий хэл, нохой нь дуу ч гарахаа больж мэдэхээр байна.
МЧБХ-ны удирдлагууд хариуцлагагүйнхээ хариуг хүртэж, дэлхийд нэрээ барласан тамирчдыг нүүрийг барж, шороотой хутгасан боксын холбооны араас орох вий. Сануулвал, боксын үндэсний шигшээ багийн оролцох байсан олимпын эрх олгох анхны тэмцээний мэдүүлгийг нэгдүгээр сарын 19-нд багтааж зохион байгуулагчдад хүргэх байсан ч хариуцлага алдсан холбооны эрх мэдэлтэн илгээгүй байсны горд тамирчид "зүгээр л" Италид газардчихаад буцаад ирсэн юм.
Бид олимпын дэвжээнд "гэрэлтэж" буй тамирчдыг, дэлхийн дээгүүр намирч буй төрийн талбайтайгаа хармаар байна. Тэд хүсэл эрмэлзэл, зориг тэнхээ, оюун санаагаараа ард түмнийхээ бахдал, хөөрлийг 8 тэрбум хүний сэтгэл дээр тамгалах нь гарцаагүй.
М.Жаргал