Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, “Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн цаг хугацааны хуваарь”-ийг баталжээ. Иймд уншигч та бүхэнд энэ оны ээлжит сонгуулийн цаглаварыг танилцуулж байна.
НЭГ.СОНГУУЛИЙН ТОЙРОГ, ХЭСЭГ
1.Сонгууль товлон зарлах, санал авах өдөр тогтоох
- Улсын Их Хурал ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно. (Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн /цаашид "Хуулийн” гэх/ 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг) (Монгол Улсын Их Хурлын 2023 оны 116 дугаар тогтоол)
2. Сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоо, тойргийн төвийг тогтоох
- Улсын Их Хурал ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн тойргийг байгуулна.
(Хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг)
(Монгол Улсын Их Хурлын 2023 оны 112 дугаар тогтоол)
Сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно. Сонгуулийн нэг тойрогт хоёр ба хэд хэдэн аймаг, дүүрэг багтаж байвал аль олон сонгогчтой аймаг, дүүргийн сонгуулийн хороо нь тухайн тойрог дахь сонгуулийн зохион байгуулалтын ажлыг хариуцна.
3. Сонгуулийн хэсэг байгуулах
Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн жилийн 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлана.
(Хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг)
4. Сонгуулийн хэсгийн талаарх мэдээллийг хүргүүлэх
Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонгуулийн хэсгийг байгуулсан өдрөөс хойш гурав хоногийн дотор хуулийн 13.1-д заасан мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэст хүргүүлнэ.
(Хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэг)
Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэс хуулийн 13.6-д заасан мэдээллийг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нэгтгэн гурав хоногийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
(Хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэг)
ХОЁР.СОНГУУЛИЙН БАЙГУУЛЛАГА
1. Сонгуулийн байгууллагын удирлага
Сонгуулийг улсын хэмжээнд Сонгуулийн ерөнхий хороо удирдан зохион байгуулж, аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн болон хэсгийн хороо, гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах төв болон салбар комиссыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана. (Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг)
2. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулах
Сонгуулийн ерөнхий хороо санал авах өдрөөс 70- аас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороог тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн саналыг харгалзан дарга, нарийн бичгийн дарга болон тав, эсхүл долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, нийтэд мэдээлнэ.(Хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг)
Сонгуулийн нэг тойрогт хоёр ба хэд хэдэн аймаг, дүүрэг багтаж байвал аль олон сонгогчтой аймаг, дүүргийн сонгуулийн хороо нь тухайн тойрог дахь сонгуулийн зохион байгуулалтын ажлыг хариуцна.
(Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.17 дахь хэсэг)
3. Төв комисс байгуулах
Сонгуулийн ерөнхий хороо гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комиссыг гадаадад санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга болон ес, эсхүл арван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.
нэгэн
(Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг)
4. Сум, дүүргийн сонгуулийн хороог байгуулах
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь сум, дүүргийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн саналыг харгалзан дарга, нарийн бичгийн дарга болон гурав, эсхүл таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ. (Хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг)
5. Салбар комисс байгуулах
Төв комисс нь салбар комиссыг гадаадад санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга болон хоёр, эсхүл дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Дипломат төлөөлөгчийн газрын дэргэд байгуулна.
(Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг)
6. Хэсгийн хороог байгуулах
Сум, дүүргийн сонгуулийн хороо хэсгийн хороог санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга болон зургаа, эсхүл найман гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтэд мэдээлнэ. (Хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг)
ГУРАВ.СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ
1. Иргэний шилжилт, хөдөлгөөнийг зогсоох
Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ. 2024.4.29- нөөс эхлэн зогсоож, 2024.6.29- өөс сэргээнэ
(Хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг)
2. Сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулах
Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байршуулна.
(Хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэг)
3. Эрх бүхий байгууллагууд сонгуулийн насны иргэдийн мэдээллийг цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлэх
Доор дурдсан байгууллага дараах иргэний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, төрсөн он, сар, өдөр, хүйс, бусад шаардлагатай мэдээллийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ээлжит сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлнэ:
4. Сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хороонд хүргүүлэх
Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хуулийн 20.4-т заасны дагуу цахим хуудсанд байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад дараах өөрчлөлтийг тусган уг жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр үйлдэж, цаасан хэлбэрээр үйлдсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ:
- сонгогчоос хуулийн 20.4-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн талаар гаргасан гомдлын дагуу оруулсан өөрчлөлт;
- хуулийн 25 дугаар зүйлд заасан хугацаанаас өмнө хийгдсэн сонгогчийн байнга оршин суугаа газрын хаягийн өөрчлөлт;
- сонгогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, хүйс, зэрэг иргэний бүртгэлтэй холбоотой өөрчлөлт;
- нас барсан иргэний улсын бүртгэлтэй холбоотой өөрчлөлт;
- хуулийн 20.6-д заасан иргэдийн мэдээлэлтэй холбоотой өөрчлөлт.
Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хуулийн 20.9-д заасан хугацаанд хүргүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтад хуулийн 20.9.1, 20.9.3, 20.9.4, 20.9.5 дахь заалт, 23, 24 дүгээр зүйлд заасан үндэслэлээр оруулсан өөрчлөлт, гадаад улсад саналаа өгсөн сонгогчдын өөрчлөлтийг тусгаж сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтсээр дамжуулан хэсгийн хороонд хүргүүлнэ. (Хуулийн 20 дугаар зүйлийн 20.12 дахь хэсэг)
5. Сонгогч нэрийн жагсаалтын мэдээлэлтэй танилцах
Хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн ажиллах байранд, өөрийн ажиллах байргүй бол сум, хорооны Засаг даргын Тамгын газрын байранд итгэмжлэгдсэн ажилтныг ажиллуулж, сонгогчдод өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй чөлөөтэй танилцах боломж олгоно. (Хуулийн 20 дугаар зүйлийн 20.10 дахь хэсэг)
6. Сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хэлбэрээр олгох
Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу хуулийн 20.9-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө болон санал авах өдрөөс 3 хоногийн өмнө тус тус цахим хэлбэрээр олгоно.
(Хуулийн 20 дугаар зүйлийн 20.15 дахь хэсэг)
2024.6.08, 2024.6.25-ны өдөр
Сонгогч нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгах, сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдол гаргах
Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон гэр бүлийн гишүүний мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол өөрийн болон гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэлийн байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр болон цахимаар гаргана. (Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг)
Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино.
(Хуулийн 20 дугаар зүйлийн 20.11 дэх хэсэг)
7. Сонгогчийн шилжилт хийх, бүртгүүлэх
Дараах сонгогчийн шилжилтийг хийх, бүртгэхдээ тухайн байгууллагынх нь албан бичгийг үндэслэн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шийдвэрлэнэ.
- Сонгуулийн байгууллагын ажилтан;
- Иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан;
- Мэдээллийн технологийн багийн гишүүн;
- Мэдээллийн технологийн даамал;
- Санал авах байр болон сонгуулийн ажиллагааны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа цагдаагийн албан хаагч. (Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг)
Дараах сонгогч сонгуулийн нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө сонгогчийн шилжилтийг хийлгэж болно.
- Нэр дэвшигч;
- Нэр дэвшигчийн менежер;
- Шадар туслагч.
8. Сонгогчийн мэдээлэлтэй холбоотой өөрчлөлтийг тусгах
Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн хуулийн 23.1-д заасны дагуу гомдол гаргасан иргэний мэдээллийн талаар болон иргэний улсын бүртгэлтэй холбоотой өөрчлөлтийн талаар лавлагаа гаргах ба сонгогчийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад оруулна. (Хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг)
9. Гадаад улсад байгаа иргэд сонгуульд оролцохоо илэрхийлж, бүртгүүлэх
Гадаад улсад байгаа иргэн гадаадад санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ. (Хуулийн 20 дугаар зүйлийн 20.22 дахь хэсэг) Сонгогч өөрийн байгаа улсын Дипломат төлөөлөгчийн газарт утас, цахим шуудан, факсаар эсхүл биечлэн очиж сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ.
ДӨРӨВ. НАМ, ЭВСЭЛ, НЭР ДЭВШИГЧИЙН БҮРТГЭЛ
1. Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх
Нам, эвсэл Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай зөвхөн нэг хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
(Хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг)
2. Нам эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах
Сонгуулийн ерөнхий хороо сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.
(Хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг)
3. Нэр дэвшүүлэх ажиллагаа
Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.
(Хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг)
Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.
(Хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг)
4. Нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлэх
Нэр дэвшигч хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш гурав хоногт багтаан нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт мэдүүлнэ. Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргасан этгээд хамаарахгүй. (Хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэг)
5. Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаарх лавлагааг хүргүүлэх
Авлигатай тэмцэх газар нь нийт нэр дэвшигчид хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг хуулийн 32.4-т заасан хугацаа дууссанаас хойш нэг хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. (Хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэг)
6. Нэр дэвшигчдийн баримт бичгийг ирүүлэх
Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ:
(Хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгээс)
Бие даан нэрээ дэвшүүлэгч нь бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ:
(Хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгээс)
7. Нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг шийдвэрлэх
Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана.
(Хуулийн 32 дугаар зүйлийн 32.11 дэх хэсэг)
8. Дахин бүртгүүлэх, нөхөн нэр дэвшүүлэх
Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно. (Хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэг)
Дараах тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж болно:
- нэр дэвшигч нас барсан;
- нэр дэвшигч шүүхээр ял шийтгүүлсэн.
(Хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг).
9. Нэр дэвшигчийг дахин, нөхөн бүртгэх эсэхийг шийдвэрлэх
Сонгуулийн ерөнхий хороо дахин бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, хуулийн 32.12-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
(Хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг)
Сонгуулийн ерөнхий хороо нөхөн нэр дэвшүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг хүлээн авч, хуулийн 32.12-т заасан хугацаанаас өмнө бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. (Хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэг)
10. Нэр дэвшигчийн үнэмлэх олгох, нийтэд мэдээлэх
Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ. (Хуулийн 32 дугаар зүйлийн 32.12 дахь хэсэг)
11. Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг нээлттэй байршуулах
Нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлэн Авлигатай тэмцэх газар нэр дэвшигчээр бүртгэгдсэн нийт нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг өөрийн байгууллагын цахим мэдээллийн сүлжээнд нээлттэйгээр байршуулна. (Хуулийн 32 дугаар зүйлийн 32.15 дахь хэсэг)
ТАВ.СОНГУУЛИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР, СУРТАЛЧИЛГАА
1. Мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар хүргүүлэх
Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад дараах хугацаанд хүргүүлнэ.
- Нам, эвсэл нь ээлжит сонгуулийн жилийн 03 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө;
- Бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө
(Хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэг)
2. Хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар хүргүүлэх
Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын эхний долоо хоногт багтаан хуулийн 38.13-т заасан хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.
3. Мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар дахин хүргүүлэх
Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин гаргуулахаар хүргүүлнэ. (Хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэг)
4. Нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайланд хийсэн дүгнэлтийг хүргүүлэх
Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайланд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
(Хуулийн 38 дугаар зүйлийн 38.10 дахь хэсэг)
5. Зурагт самбар байрлуулах байршлыг тогтоож, нийтэд мэдээлэх
Зурагт самбарыг нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт үнэ төлбөргүйгээр байрлуулах байршлыг тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ.
(Хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэг)
6. Бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг хүргүүлэх
Төрийн аудитын дээд байгууллага нь бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 33-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.
(Хуулийн 38 дугаар зүйлийн 38.11 дэх хэсэг)
7. Радио, телевиз сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлэх
Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевиз сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нэвтрүүлэх бол сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийг хуульд заасан холбогдох баримт бичиг, мэдээллийн хамт Харилцаа холбооны зохицуулах хороонд санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө хүргүүлж, бүртгүүлнэ.
(Хуулийн 46 дугаар зүйлийн 46.9 дэх хэсэг)
2024.5.29-нөөс өмнө
8. Сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цаг батлах
Харилцаа холбооны зохицуулах хороо радио, телевизээс олон нийтийн ирүүлсэн сурталчилгааны болон мэтгэлцээний төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг хянан үзэж, сурталчилгааны болон мэтгэлцээний нэвтрүүлгийн хуваарь, цагийг тэнцүү байхаар тооцож сурталчилгаа эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө батална. (Хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэг)
9. Сонгуулийн мөрийн хөтөлбөр, хандивын тайлангийн талаарх дүгнэлтийг цахим хуудаст нээлттэй байршуулах
Төрийн аудитын дээд байгууллага нь хуулийн 38.13-т заасан тайлан, сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнөөс эхлэн хуульд заасны дагуу нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа хүргүүлэх өдрийг дуустал өөрийн байгууллагын цахим хуудаст нээлттэйгээр байршуулна. (Хуулийн 38 дугаар зүйлийн 38.12 дахь хэсэг)
10. Сонгуулийн сурталчилгааг эхлүүлэх, зогсоох
Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно. (Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг)
11. Сонгуулийн сурталчилгаа явуулах цахим хуудсыг бүртгүүлэх
Нэр дэвшигч хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ.
12. Сурталчилгаа явуулсан тайланг нийтэд мэдээлэх, эрх бүхий байгууллагад хүргүүлэх
Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч байгууллага сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлнэ.
(Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэг)
Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевиз нь хуулийн 39.5-д заасны дагуу нийтэд мэдээлсэн тайланг шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад нийтэд мэдээлснээс хойш ажлын 5 өдрийн дотор хүргүүлнэ.
(Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7 дахь хэсэг)
13. Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан бүртгүүлэх
Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэх авах хүсэлтийг тухайн нам эвслийг бүртгэсэн тухай шийдвэр гарснаас хойш сонгуулийн сурталчилгаа дуусахаас 2 хоногийн өмнөх өдрийг хүртэлх хугацаанд дараах байдлаар хүргүүлнэ.:
- Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэх авах тухай хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хороонд;
- Аймаг, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэх авах тухай хүсэлтийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд;
- Сум, дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэх авах тухай хүсэлтийг сум, дүүргийн сонгуулийн хороонд
(Хуулийн 37 дугаар зүйлийн 37.4, 37.6 дахь хэсэг) (Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 17 дугаар тогтоолоор баталсан журам)
14. Нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагчаар бүртгүүлэх
Нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагчийн үнэмлэх авах хүсэлтийг тухайн нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш сонгуулийн сурталчилгаа дуусахаас 2 хоногийн өмнөх өдрийг хүртэлх хугацаанд дараах байдлаар хүргүүлнэ:
- Нэр дэвшигчийн менежерийн үнэмлэх авах хүсэлтийг тойргийн төв-аймгийн сонгуулийн хороонд;
- Шадар туслагчийн үнэмлэхийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороо,
- Ухуулагчийн үнэмлэхийг сум, дүүргийн сонгуулийн хороонд
(Хуулийн 37 дугаар зүйлийн 37.5, 37.6 дахь хэсэг)
(Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 17 дугаар тогтоолоор баталсан журам)
15. Ажиглагч бүртгүүлэх, үнэмлэх олгох
Ажиглагч томилох эрх бүхий этгээд ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу бичгээр гаргаж, санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд
хүргүүлнэ.
(Хуулийн 67 дугаар зүйлийн 67.7 дахь хэсэг)
Хэсгийн хороо хүсэлтийг хүлээн авч нягтлан шалгаж, санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө ажиглагчийн үнэмлэх олгоно. (Хуулийн 67 дугаар зүйлийн 67.9 дэх хэсэг)
Ажиглагч томилох эрх бүхий этгээд гадаад улсад байгаа сонгогчдоос санал авах ажиллагаанд ажиглагч томилох бол энэ тухай хүсэлтээ төв коммист гадаадад санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ. (Хуулийн 67 дугаар зүйлийн 67.17 дахь хэсэг)
Төв комисс нь гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг ажиглахаар томилогдсон ажиглагчийн мэдээллийг холбогдох салбар комисст хүргүүлэх бөгөөд ажиглагч нь гадаадад санал авах өдрөөс өмнө салбар комисст бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авна. (Хуулийн 67 дугаар зүйлийн 67.18 дахь хэсэг)
ЗУРГАА. САНАЛ АВАХ, ДҮН ГАРГАХ
1. Санал авах өдөр, цаг, байрыг нийтэд мэдээлэх
Хэсгийн хороо нь санал авах байрын дугаар, нэр, хаяг, байршил, орчин тойрны зураглалыг 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ. (Хуулийн 62 дугаар зүйлийн 62.7 дахь хэсэг) 2024.6.15-наас эхлэн санал авах өдрийг дуустал
Салбар комисс нь санал авах өдөр, цаг, байрыг санал авах өдөр хүртэлх хугацаанд гадаад улсад байгаа сонгогчдод зарлан мэдээлнэ. (Хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэг) 2024.6.01-ний өдрөөс эхлэн
2. Санал авах байрыг бэлтгэх
Тухайн хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зааврын дагуу санал авахад шаардлагатай зүйлийг санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө бэлэн болгох үүрэгтэй: (Хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэг) 2024.6.21-нээс өмнө
Сонгогчоос саналаа нууцаар өгөхөд шаардагдах санал бэлтгэх бүхээг бүхий байр, саналын хайрцгийг гадаадад санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хуульд заасны дагуу тухайн улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн хариуцаж, бэлтгэнэ. (Хуулийн 64.1 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсэг) 2024.6.17-ноос өмнө
3. Гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдөр, цаг
Гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоох бөгөөд гадаадад санал авах өдөр нь дөрөв хүртэл өдөр байна. (Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг) (Монгол Улсын Их Хурлын 2023 оны 116 дугаар тогтоол)
Гадаад улсад байгаа сонгогчийн саналыг хуульд заасны дагуу тогтоосон санал авах өдөр, тухайн улсын орон нутгийн цагаар 07:00-22:00 цаг хүртэлх хугацаанд салбар комиссын тогтоосон санал авах байранд авна.
(Хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг)
(Монгол Улсын Их Хурлын 2023 оны 116 дугаар тогтоол)
4. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ байгууллагын удирдлагад болон хэсгийн хороонд хүргүүлэх
Хуулийн 63.1.1, 63.1.2, 63.1.3, 63.1.4-т заасан сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтээ тухайн байгууллагын удирдлагад өгөх бөгөөд байгууллагын удирдлага уг хүсэлтийг тодорхойлолтын хамт санал авах өдрөөс долоогоос доошгүй хоногийн өмнө өөрийн байгууллагын нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдах сум, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.
(Хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэг)
Сум, дүүргийн сонгуулийн хороо хуулийн 63.4-т заасны дагуу ирүүлсэн хүсэлт, тодорхойлолтыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө тухайн сонгогчийн харьяалагдах хэсгийн хороонд хүргүүлнэ.
(Хуулийн 63 дугаар зүйлийн 63.5 дахь хэсэг)
5. Саналын хуудсыг санал авах байранд хүргүүлэх
Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ажлыг удирдан зохион байгуулна.
(Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэг) 2024.6.25-наас өмнө
6. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлт хүргүүлэх
Эрүүл мэндийн байдлын улмаас зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогч өөрийн эрүүл мэндийн талаарх эмчийн магадалгааг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ.
(Хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэг)
7. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах
сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар түүний хүсэлт, эмнэлгийн магадалгаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн санал авах өдрийн өмнөх өдрийн 09:00-20:00 цагийн хооронд авна. (Хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгээс) 2024.6.27-ны өдрийн 09:00-20:00 цаг
8. Санал авах өдөр, цаг
Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна. (Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг) (Монгол Улсын Их Хурлын 2023 оны 116 дугаар тогтоол)
Сонгогчийн саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07:00 цагаас 22:00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна. (Хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг) 2024.6.28-ны өдрийн 07:00-22:00 цаг
9. УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг өргөн мэдүүлэх
Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. (Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг)
Сэтгэгдэл (4)