БНЭУ-д Бубанешвар хотноо зохион байгуулагдаж буй "HERO INTERNATIONAL CUP-2023" тэмцээнд Монгол Улсын хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг оролцож байгаа билээ. Тэд эхний тоглолтдоо дэлхийн чансааны 101-р байрт эрэмбэтэй БНЭУ-ын шигшээ багтай анх удаа тоглолоо. Тоглолт 2:0 харьцаатай Энэтхэгийн ялалтаар өндөрлөсөн юм. Тэгвэл Монголын хөлбөмбөгийн холбооны зүгээс дараах тайлбарыг хийгээд байна.
- Тоглолт эхлэхэд +38 хэмийн халуун, цаг уурын хүнд нөхцөлд тоглов. Тухайлбал өмнөх тоглолтын үеэр хүмүүс ухаан алдах тохиолдол ч гарсан юм. Манай багийн дасгалжуулагчид, эмч нарын баг бие халаалт болон тоглолтын үед тамирчдыг сэргээх зүйлсийг өндөр түвшинд бэлдэж, шингэн нөхөх, хүйтэн жин гээд олон талаар сайн ажилласан нь тамирчид тоглолтоо амжилттай даван гарахад чухал дэмжлэг боллоо. Үүний дүнд ч эхний 15 минутад 2 гоол алдсан манай баг тоглолтын үлдсэн хугацаанд яван чангарсан тоглолтыг үзүүлж, илүү нягтарсаар 2:0 харьцаатай дуусгалаа.
- Тоглолтын нэгдүгээр үеийн дундуур тоглолтын тактик, байрлалд өөрчлөлт оруулсанаар хамгаалалт тун сайн болж эхэлсэн юм. Эхний үеийн дундуур манай багийн А.Дөлгөөн гэмтсэн нь тооцоолоогүй үйл явдал болсон ч солилцоогоор талбайд гарсан Б.Амгаланбат үүргээ сайн биелүүллээ. Түүний шигшээ багийн төлөөх анхны тоглолт нь байсан юм.
- Энэтхэгийн шигшээ баг сүүлийн 6 тоглолтод нэг л гоол алдсан, сүүлийн 8 тоглолтод нэг л хожигдсон (6 хожсон, 1 тэнцсэн) гэсэн маш сайн үзүүлэлттэй тус тоглолтыг эхлүүлсэн юм.
- Мөн өөрсдийн талбай дээрээ, өөрийн орны дассан цаг агаарын нөхцөлдөө тоглож байгаа нь тэдний гол давуу тал.
- Манай улсаас 413 дахин их хүн амтай Энэтхэг улсын эсрэг шигшээ баг маань анх удаа тоглолоо.
- Энэтхэгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Хорват мэргэжилтэн, 1998 оны ДАШТ-ий хүрэл медальт Игор Штимац 2019 оноос хойш ажиллаж байгаа билээ.
- Манай багаас тоглолтын 2-р үед солилцоогоор орсон А.Содмөнх, Б.Мөнх-Эрдэнэ, Г.Гантогтох, Б.Ууганбат нар талбайд гараад идэвхи чармайлттай сайн тоглолоо. Улмаар довтолгооны боломжуудыг нэмэгдүүлж, 2-р үеийг гоол алдалгүй дуусгахад ихээхэн нөлөө үзүүллээ.
Манай улсын шигшээ баг уг тэмцээний дараагийн тоглолтоо энэ сарын 12-нд Ливан улсын шигшээ багтай хийх юм.