Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, аймгийн хурц арслан Эрдэнэбилэгийн Ууганбаяр бол улсын цолонд ойрхон яваа хүчтэн. Бөхийн хүрээнийхэн түүний улсын цол авахыг олон жил хүлээсэн ч наадамд харин одгүй нэгэн. 10 жилийн өмнө Төв аймгийн наадмаас аймгийн начин цол хүртэж, 2016 онд аймгийн арслан цол авахдаа тэр ид 25 настай байлаа.
Энэ үедээ өндөр цолтонгуудыг ээлж дараалан илүүрхэн давж, бөх судлаачдын анхааралд харин чиг өртөж эхэлсэн.
Заалны барилдаанд түүн шиг олон түрүүлж, үзүүрлэсэн аймгийн цолтой бөх тун цөөн. Түүний түрүүлж, үзүүрлэсэн барилдааны тоогч хэлэх бас хэцүү. Дэвжээ нь томдоогүй, өрсөлдөгч нь ахдаагүй олон барилдааны ялагч явлаа, тэр. Нэг хэсэг “заалны мангас” гэж хоч автлаа сайн барилдсан юм. 2018 онд нутагтаа дахин түрүүлж, хурц арслан чимэгтэйгээр хэдхэн хоногийн зайтай болсон Улсын баяр наадмын гурвын даваанд Баян-Өлгийн арслан У.Берекед унасан нь түүний харамсалтай үдсэн наадмуудын нэг. Дараа жил нь гурвын давааны тунаанд “Булганы зургаан залуу начин”-ы нэг Б.Түмэндэмбэрэлийг илүүрхэн даваад дөрвийн нугалаанд Архангайн начин Б.Амарзаяад аргагүй унасан.
Тэр жилийн наадмын өмнө Б.Ууганбаяр гойд сайн байлаа. Улсын начин Ц.Баянмөнхийн нэрэмжит барилдаан, Наурызын баярын барилдаануудад түрүүлж, “Увс нуур” галын 20 жилийн ойн барилдаан, гавьяат дасгалжуулагч О.Цэрэндагвын нэрэмжит барилдаануудад их шөвөгт шалгарсан юм.
Намар нь Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсны 74 жилийн ойн улс, аймгийн цолтны барилдаанд түүртэхгүй түрүүлж билээ. 2020 оны наадмын хоёрын даваанд Баян-Өлгийн арслан М.Еркебуланд унаснаар гэртээ эрт харив. Тухайн жил хурц арслан Э.Ууганбаяр Улсын начин С.Нямжав, С.Даваасамбуу нарын нэрэмжит барилдаанд түрүүлж, Бүх цэргийн наадам, Нийслэлийн өдрийн барилдаанд үзүүрт шалгарсанаас үзэхэд лав муу байгаагүй. 2021 онд Коронавирусний цар тахлын улмаас наадам өнжиж, наймдугаар сард Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд үзүүрлэсэн.
Хэрэв энэ барилдааныг наадмын хэмжээнд тооцсон бол тэр гарди цолтой болох байв.
Үүнээс хойш хүнд гэмтэл авч хоёр наадам, хоёр цагаан сарын барилдааныг өнжсөн. Өнгөрсөн сард Соёлын гавьяат зүтгэлтэн, улсын начин С.Эрхэмбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаанд үзүүрлэсэн нь түүний эргэн ирэлт байлаа. Тэр бөх барилдахаас гадна 2018 онд пауэрлифтингийн спортоор улсын аварга болохдоо газраас 315 кг-ыг өргөж байжээ. Түүний бэртэл гэмтэл сая нэг эдгэрсэн бололтой, удахгүй болох Улсын баяр наадамдаа ид хаваа гайхуулан хүссэн цолондоо хүрэхийн ерөөл өргөе.
А.Болд
Сэтгэгдэл (5)