“Дараа жилийн наадам даанч хол байна даа” хэмээн ярьж байсан нь өчигдөрхөн мэт. Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн тэгш ойн баяр наадмын бөхийн барилдааны сонин сайхныг хуучилж амжаагүй байхад Ардын хувьсгалын 102 жилийн ойн Улсын баяр наадам хэзээ мөдгүй болох нь. Баяр наадамдаа барилдах бөхчүүд бэлтгэл сургуулилтаа хангахаар зэхжээ. Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээний бөхчүүд “Баруун дэлгэр”-ийн аманд зургадугаар сарын 15-ны билэгт сайн өдрийг сонгон морин цагт эхний бэлтгэлээ хийх гэнэ.
Энэ галаас улсын цолонд хүрэх бөх гэвэл аймгийн хурц арслан Э.Ууганбаяр, Г.Өсөхбаяр, аймгийн арслан П.Эрхэмжаргал, Н.Дашдаваа нарыг нэрлэж болно. Эдгээр бөхчүүд “Алтан цом”-ын барилдаанд аймгийнхаа багийн өмнөөс сайн барилдацгаасан.
Бас бэртлээс эргэн ирсэн хурц арслан Э.Ууганбаяр саяханаас Бөхийн өргөөнд барилдаж эхэлсэн сайн мэдээг дуулгая. Тэд хоёр болон дөрвийн давааг аргалбал гурав ба тавын даваанд гарыг нь амраах бөх тус галд нэгээр тогтохгүй. Мөн улсын цолоо ахиулах бөх энэ галд байна. “Алтан цом”-ын барилдаанд хамгийн олон даваа авч улс, аймгийн цолтны барилдаанд түрүүлж, үзүүрлэж, их шөвөгт шалгарсан бөх бол улсын начин Д.Хүдэрбулга юм. Түүнийг өнөө жилийн наадмаар дээгүүр даваанд гарч барилдана гэж хол ойрын олон хүн харж байгаа даа.