Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төвд буудлага спортын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-12-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд 17 багийн 140 тамирчин цэц мэргэнээ сорьж байна. Тэмцээний эхний медальтнууд тодорчээ. Хийн гар бууны эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд 32 тамирчин өрсөлдсөнөөс Э.Даваахүү алтан медаль хүртэж, Г.Батхишиг, Ш.Буянзаяа нар мөнгө, хүрэл медалийн тавцанд гарав.
Харин энэ зайн эмэгтэйчүүдийн ангилалд 54 буудагч гал нээснээс Г.Хэрлэнцэцэг түрүүлж, Л.Сугарсүрэн, Т.Баярцэцэг нар удаалав. Тэгвэл гавьяат тамирчин Ц.Мөнхзул 10 дугаар байрт орсон бол “Токио-2020” олимпын оролцогч Ц.Анудрь зургадугаар байр эзэлжээ.