1997 оны дэлхийн аварга Аббас Хажикенари Парис-2024 олимпын наадам дуустал Тажикистаны бөхчүүдийг дасгалжуулахаар гэрээгээ байгуулжээ. Түүний туслахаар Оросын якут мэргэжилтэн Вадим Семенов ажиллах болсон байна.
Олимп дэлхийн медальт Юсуп Абдусаламов оны дараахан Тажикистаны шигшээг удирдахаар ирсэн боловч хэдхэн сарын дараа больсон ажээ.
Тажикистаны багт ОХУ-ын дагестан гаралтай Абдулмажид Кудиев 65 кг-д, ингуш гаралтай Магомет Евлоев 74 кг-д хүч үзэхээр саяхнаас паспортоо гардан аваад байна. Тэд (зураг дээр) Бишкект өндөрлөөд буй Дэлхийн чансааны тэмцээнээс тус бүр хүрэл медалиар энгэрээ мялаажээ. А.Кудиев нь 2021 оны Оросын АШТ-ий хүрэл медальтай, мөн Али Алиевийн тэмцээнд Энэтхэгийн Бажран Пуниаг ялж түрүүлсэн билээ.
Түүнчлэн Туркменистаны шигшээ багийг Ираны дэлхийн хошой аварга Реза Яздани дасгалжуулаад ердөө нэг сарын хугацаа өнгөрч байна.