Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээний ерөнхий дасгалжуулагчаар Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, улсын начин Саруултуяагийн Багахүү ажиллахаар болжээ. Тус аймгийн бөхчүүд “Алтан цом”-ын барилдаанд амжилт муутай оролцсон нь дасгалжуулагчаа солих шалтгаан байж мэднэ. Хамгийн сүүлд Ц.Бямба-Очир начин болсноос хойш энэ нутгаас улсын цолтон төрөөгүй таван жил болсон нь бас нэг үндэслэл болно.
“Засагт ханы бөхчүүдийг зангидах” ерөнхий дасгалжуулагч С.Багахүү нь 2005 онд аймгийн начин, 2007 онд аймгийн арслан цол хүртсэн бөгөөд 2011 оны түүхт 90 жилийн ойн Баяр наадмаар заан Б.Соронзонболдоор тав давж улсын начин цол авсан бөх. Бөхийн спортоос гадна урлагийн тайзнаа авьяас чадвараа харуулсан, ёстой л наадамд гурван даваатай, найранд гурван дугараатай нэгэн.
Тэр “Шонхор” дээд сургуульд дөрвөн жил бөхийн эрдэмд шамдан суралцахдаа багш, дасгалжуулагч мэргэжил эзэмшиж, бөхийн барилдааныг бол сэтгэлд хоногштол тайлбарлана. Говь-Алтай аймаг бол эртнээс хүчит бөхчүүдээрээ алдартай, 1951 оны Улсын баяр наадмын түрүү бөх, дархан аварга Ш.Батсуурь болон улсын цолтой 33 бөх энэ нутгаас төрөн гарсан хүчтний өлгий билээ.
А.Болд
Сэтгэгдэл (16)