Дэлхийн шилдэг хөл бөмбөгчдийн нэг Златан Ибрахимович хөл бөмбөгөөс зодог тайлж буйгаа албан ёсоор зарласан билээ. Өдгөө 41 настай тэрбээр Италийн АС Милан болон Шведийн шигшээ багийн довтлогч билээ. Ибрахимович бол өндөр эготой, хөгжилтэй, хэгжүүн яриагаараа олны дунд алдартай нэгэн. Түүний өмнө нь бичиж байсан нийтлэл болон асуултын хариултуудаас заримыг онцлон хүргэж байна.
Өчигдөр буюу ням гарагт Ибрахимович зодог тайлах ёслолын үеэр төлөвлөгөөнийхөө талаар сэтгүүлчдийн асуултуудыг няцааж, ямар ч нарийн ширийн зүйл задруулахгүй байхыг хичээжээ. Гэвч, "таныг хойшид хэн орлох вэ" гэсэн асуултад тэр хариулахдаа,
"Энэ бол боломжгүй зүйл. Ердөө ганцхан Златан байна! Хүүхэд байхдаа тэд намайг Марко ван Бастентэй (Нидерландын довтлогч асан) харьцуулдаг байсан ч тэр бол тэр, би бол би. Бидэнд ижил төстэй зүйл байж магадгүй. Гэхдээ би харьцуулах нь зөв гэж бодохгүй байна. Миний эготой ижил, өөр Златан олно гэдэгт эргэлзэж байна..." гэжээ.
Хөлбөмбөгийн спортын онооны нэгж “гоол” хэмээх үгийг өөрийн нэрээр солих талаар нийтэлсэн нь,
"Намайг зодог тайлсны дараа гоолыг миний агуу нэрээр нэрлэх хэрэгтэй. Жишээлбэл, Пеле эрин үедээ 1000 Златан оруулжээ. Гэвч эдгээр Златаны тал нь отон тоглолтоос орсон байна гэх маягаар.
ФИФА гоолыг Златан гэж нэрлэх ажлыг эхлүүлэх шаардлагатай. Месси гайхамшигтай нэгэн Златаныг орууллаа гэвэл энэ ямар хөөрхөн сонсогдоно гээч. Бас хэн нэгэн хүн пенальтаас хеттрик Златан оруулж топ Златан оруулагч шагналыг хүртлээ. Түүнчлэн түүхийн номонд Месси календарийн жилд 91 Златан оруулсан цорын ганц хөлбөмбөгч болсон гэж бичих хэрэгтэй" гэв.
Хэрэв түүний хүслээр болдог бол энэ мөчөөс эхэлж "Гоол"-ыг "Златан" хэмээн нэрлэх байлаа. Тэрбээр 2020 онд Шведийн “Шилдэг хөл бөмбөгчин”-өөр 12 дахь удаагаа шалгарахдаа,
"Би бол гарцаагүй түүхэн дэх хамгийн шилдэг швед хөлбөмбөгч. Би хийсэн зүйлтэй, өөр хэн нэгэн ингэж дөнгөөгүй. Хэн ч Шведийн оны шилдэг хөлбөмбөгчнөөр хоёроос дээш удаа тодорч байгаагүй. Харин би 12 удаа уг шагналыг гардаж авлаа. Би сэхүүн гэж үү? Тэр хамаагүй ээ. Би бол шилдэг нь" гэж байжээ.
Р.Батхишиг
Сэтгэгдэл (1)