“Бөх билэгт” дэвжээнийхэн гурван улирал дамнан өрнөсөн “Пепси алтан цом”-ыг өргөсөн анхдагч хүчтэнгүүд болов. Архангай аймгийн багт барилдсан улсын арслан Р.Пүрэвдагва, гарди М.Бадарч, харцага Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ, аймгийн арслан С.Сүхбат, Э.Мөнхжаргал нарын бэлтгэл сургуулилт гойд сайн буйгаа өчигдөр дахин харууллаа.
2023 он гарсаар улс, аймгийн цолтны 21 барилдаан болсноос Архангайн бөхчүүд таван түрүү, гурван үзүүр авсан ба их шөвгийг нэмбэл улам нэмэгдэнэ. Нутгийнх нь түүхт 100 жилийн ой тохиож байгаа тул бөхчүүд нь өндөр форумтай байхаас аргагүй.
Хоёрдугаар шатанд залуу аварга О.Хангай, заан Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий тэргүүтэй Ховдын хүчтэнгүүдтэй таарсан нь тэдний хамгийн хүнд авсан даваа байв. Бусад аймгуудын хувь Архангайнханы хүчтэй өрсөлдөгч байсангүй. Цом хүртэх сүүлийн тойрогт Булганы зургаан залуу начинг ид хаваар илүүрхэн ялсан нь харин чиг бахдал төрүүлсэн юм. Найман сарын хугацаанд бөх сонирхогчид телевизийн дэлгэцээс “Алтан цом”-ын барилдааныг хараа салгахгүй үзсэн, харин Монгол бөхийн өргөөг дүүргэсэн нь өчигдөр бөгөөд Цагаан сарын барилдаанаас хойш Өргөө анх дүүрсэн нь энэ.
Архангай аймаг хүчит бөхчүүдээр алдартай, таван аварга төрөн гарсан цөөн аймгийн нэг бөгөөд аваргын тоог ахиулах хүчтэн “Алтан цом”-д багтаж байгаа гэхэд эрт хэлсэн болохгүй биз ээ. Улсын баяр наадамд тус багийн хоёр залуу харцага түрүүлэх горьдлоготой бөхчүүд билээ.
Арын хангай бөх сонирхогчид чухам тэднийхээ захыг мушгин суугаа. Сүүлийн хоёр наадамд цол ахин, цолоо баталж яваа тэд энэ онд хэн хэн нь түрүүлж, бас үзүүрлэсэн амжилтын эзэн. Алтан цомын барилдааныг гарцаагүй чимж, багаа цом хүргэсэн гавьяатан билээ. Онцолж хэлэхэд О.Мөнх-Эрдэнэ харцага сүүлийн үед нэрд гараад буй зургаан залуу начинд өчигдөр тахим өгөөгүй бөгөөд бөхийн өргөөнд үзэгдэхээ болиод буй зарим аваргуудыг ч түүртэхгүй даваад буй.
Бас Архангайн хоёр залуу аймгийн арслан бол энэ жил начин байтугай цол хүртэж мэднэ. Тэдний гарыг амраах бөхчүүд Архангайд мундахгүй. Өнөө жил цол авах бөхийн тоонд гарцаагүй багтана. Ир нь орвол тэд хэнтэй ч тулж, хэнийг ч хаях тул тэднийг том цолтонгууд амар амлахгүй болов уу. Тэгвэл заалны барилдаанд сайн барилддаг ч наадамд жаахан одгүй бөх болох арслан Р.Пүрэвдагва, гарди М.Бадарч нар цол авсанаасаа хойш дахин шөвгөрөөгүй тул өнөө жил шөвгөрч цолондоо эзэн бөх гэдгээ бүх монголчуудад харуулах байлгүй дээ.
А.Болд
Сэтгэгдэл (2)