Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх ёкозүна Какирюү М.Ананд зодог тайлж, их сүмог орхилоо. Залуу насныхаа 20 жилийг энэ спортод зориулахдаа хамгийн доод буюу жонокүчи зиндаанаас ноён оргил цол болох ёкозүна хүртэл дэвэн дүүлсэн мохошгүй хүчтэн байлаа. Түүний хөдөлмөр, зүтгэлийг Монголын төр 2005 онд үнэлэн гавьяат тамирчин цолоор шагнасан юм.
2001 онд Ханакаго дэвжээнээс хүүхэд залуусыг сүмод элсүүлэх шалгалт авахад аварга М.Ананд анхандаа бол тэнцээгүй.
Содон намтартай сүмоч. Гэсэн ч тэр шантраагүй, сүмод дуртай, барилдах хүсэлтэй талаараа захиа бичиж японы сүмогийн холбоонд илгээхэд хоёр сарын дараа Изүцү дэвжээнээс түүнд урига ирүүлсэн гэдэг. Аварга М.Ананд энэ алтан боломжийг алдаагүй, хүмүүсийн итгэлийг ч хөсөрдүүлээгүй юм.
Тэр сүмогийн замналдаа зургаан удаа эзэн хааны цом өргөж, Монголын сүмочдоос төрөн гарсан дөрөв дэх ёкозүна цолтон билээ. Өнгөрсөн амралтын өдрөөр зодог тайлсан түүний ёслолын үеийн 24 гэрэл зургийг хүргэж байна.