Салхинцэцэг болон тухайн өвчний үед илрэх шинж тэмдэг, авах арга хэмжээний талаар ХӨСҮТ-ээс мэдээлэл өглөө.
Салхинцэцэг нь вирусын гаралтай учраас дэгдэмхий, дэгдэлт өндөртэй халдварт өвчин. Одоогоор ХӨСҮТ-д салхинцэцэг өвчний халдвар авсан 40 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Мөн яаралтай тусламжийн тасгаар 2-3 төрлийн тууралтат халдвартай хүн үйлчлүүлж байна. Үүн дотор Салхинцэцгийн халдвар авсан хүн олон тоотой байгаа. Улаан эсэргэн, энтеровирусын халдвартай хүмүүс ирж байна.
Салхинцэцэг өвчний үед хөнгөн, дунд ямар ч хэлбэрээр өвчилсөн бай тусгаарлагдан эмчлүүлэх шаардлагатай. Үгүй бол салхинцэцгээр өвдөж байгаагүй буюу дархлаа тогтоогүй хүмүүст халдвар тараах эрсдэлтэй гэсэн үг.
Манайд эмчлүүлж байгаа 40 хүүхдийн насны хувьд 0-5, 5-10, 10-25 байна. Үүнд 0-5 настай хүүхэд олон байгаа. Салхинцэцэг бол агаар дуслын замаар халдварладаг өвчин юм.
САЛХИНЦЭЦЭГ ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ
Толгой өвдөх, дотор муухайрах, бага насны хүүхдүүдэд хоол боловсруулах замын хямдралууд гардаг. Үүнд шингэн суулгах, бөөлжих шинж тэмдэг илэрнэ. Ядарч сульдах, зарим нь уур уцаартай, цочромтгой байж болно. Зарим хүүхдүүд сулбагар ноомой, унтаа байдалтай байдаг бол мөн халуурах гэсэн урьтал шинж тэмдгүүд илэрч эхэлдэг.
Өвчний эрчмээс хамаараад улаан эсэргэнэ болон улаанбурхантай төстэй тууралтууд гарна. Дараа нь тууралт арилж, халуурах зэрэг салхинцэцгийн өвөрмөц шинж тэмдгүүд илэрдэг. Тууралт нь дотроо толбон, гүвдрүүн, цэврүүтэй гэж ангилагдана. Энэ нь нэг цаг хугацаанд нэг талбай дээр буюу толгойн үстэй хэсэг, хүзүү, нүүр, их бие, мөчид гэсэн хэсгүүдээр гардаг.
Харин хажуугаар цэврүүт тууралт хагараад тав тогтоно. Шинэ тууралт гарч л байвал халуурсаар байна. Ихэнхдээ 2-5 хоног үргэлжилж, биеийн байдал хүнд байвал 6-10 хоног халуурах тохиолдол байна. Тухайн хүүхдийн арьс, салст бүх эрхтэн системээр тууралтын элемент гарч байгаа учраас мэдрэл, хоол боловсруулах, шээс боловсруулах, элэгний талаас шинж тэмдгүүд илэрнэ. Ямар эрхтэн дээр тууралт их хэмжээтэй гарч, гэмтэл үүсэж байгаагаас шалтгаалаад өвчний явц янз янз байдаг.
САЛХИНЦЭЦЭГ ӨВЧНИЙ ХҮНДРЭЛ:
Салхинцэцэг өвчний хүндрэлийг өвөрмөц, өвөрмөуц бус гэж ангилдаг. Өвөрмөц хүндрэл, вирусын шалтгаантай мменингит өгөх нь бий. Мөн амьсгалын дээд замын гуурсан хоолойн үрэвсэл, залгиурын үрэвсэл, төвөнхийн үрэвсэл, уушгины үрэвсэл болох магадлалтай. Өвөрмөц бус хүндрэл, вирусын халдвар загатналттай байна уу, ялангуяа цэврүү ихтэй туурч байгаа тохиолдолд арьс загатнадаг учраас маажиснаар нянгийн гаралтай үрэвсэл хавсарчихдаг. Иймээс идээлнэ гэсэн үг. Энэ тохиодолд өвөрмөц бус хүндрэл болно. Нянгийн гаралтай үрэвсэл, чихний, дунд чихний үрэвсэл болно. Хатиг, мундас, буглаа.
САЛХИНЦЭЦЭГ ӨВЧНИЙ ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ:
Хүүхдүүдийг усанд оруулах мөн агаар салхинд гаргахыг зөвлөдөг. Салхинцэцэг гэдэг нэршлээс нь болоод салхинд гаргаж болох, эсэхийг асуух тохиолдол бий. Бусдад халдвар тараахгүй нөхцөлд амьдардаг бол сайн агаарлуулах хэрэгтэй. Гэртээ чийгтэй цэвэрлэгээ, агаарын сэлгэлт, хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дадал хэвшилийг сахих нь зүйтэй. Эмчилгээнд вирусын эсрэг өвөрмөц үйлчилгээтэй эмчилгээ хийнэ. Тухайн халдвараас амны хаалт зүүж, дархлааг нь дэмжих замаар сэрийлнэ. Мөн тухайн хүүхэд (хүн) Халдвараар өвчилсөн бол олон нийтийн газраар явуулахгүй (явахгүй) байх хэрэгтэй.
М.ДЭВЭЭЖАРГАЛ