Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоаны урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болж байгаа юм. Мөн Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Турк Улсад 21 жилийн дараа хийж буй айлчал юм. Ийнхүү уншигч та бүхэнд уг айлчлалын хүрээнд болж буй мэдээллийг хүргэе.
Нэг. Монгол, Туркийн харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэв
Хоёр улс 2004 оноос Иж бүрэн түншлэлийн түвшинд харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн бөгөөд төрийн айлчлалын үеэр харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ. Ингэснээр манай улс есөн улстай Стратегийн түншлэлийн харилцаа тогтоолоо.
Хоёр. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ататуркийн бунхан цогцолбор”-т хүндэтгэл үзүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон дагалдан яваа төлөөлөгчдийн хамт “Ататуркийн бунхан цогцолбор”-т цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ: Энэ цогцолборт Бүгд Найрамдах Улсыг үндэслэгч, тусгаар тогтнолын төлөөх дайны удирдагч, анхны Ерөнхийлөгч Мустафа Кемал Ататуркийн бунхан байрладаг. Тус улсад айлчилж буй гадаадын дээд, өндөр түвшний зочид, төлөөлөгчид болон гадаад орнуудаас томилогдсон Элчин сайд нар цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг аж.
Гурав. Эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр туршлага солилцож, хамтран ажиллана
Сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, Монгол Улсаас тус улсад эмчилгээний зорилгоор зорчих иргэдийн тоо нэмэгдсэн. Иймээс эрүүл мэндийн байгууллага хоорондын харилцааг ойртуулан бэхжүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, өвчин эмгэгийн хамтарсан оношилгоо хийж, анагаах ухааны дэвшилтэт технологид суурилан анагаах чиглэлээр туршлага солилцох, хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтарна.
Дөрөв. Ойн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлд БНТУ-ын туршлагыг Монгол Улсад нэвтрүүлнэ
Байгаль орчны менежмент, уур амьсгалын өөрчлөлт, цэвэр үйлдвэрлэл, биологийн олон янз байдал болон тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль орчны мэдээллийн систем, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллана. Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, мод тарих, модны тарьц, суулгац үржүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Мөн хөнөөлт шавж, ой, хээрийн түймэртэй тэмцэж, шаардлагатай материал, техник хэрэгслээр хангаж, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлнэ. Ойн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шинжлэх ухаан, байгаль орчны судалгаанд тулгуурлаж дэвшилтэт арга барил нэвтрүүлсэн БНТУ-ын туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэхээр тохиролцжээ.
Тав. Уул уурхайн чиглэлд хамтран ажиллана
Талууд нүүрс олборлолт, цэвэр нүүрсний технологи, уурхайн аюулгүй ажиллагаа зэрэг чиглэлээр мэдлэг, технологи, туршлага солилцон, хамтарсан төсөл, салбарын чадавхыг бэхжүүлнэ.