"Хэндээ ч нэг л зангаараа" гээд дуулдаг шиг тийм сайхан хүмүүн хорвоогийн тоосыг хөдөлгөж залхаад одсонсон. Түүнийг Лхамсүрэнжавын Ганзул гэдэг. Яруу найрагч хүнд сэтгэлийн цог золбоо гэдэг зүйл байх ёстой юм шиг санагддаг. Түүнд харин байсан юм... Уйтай өдрүүдэд шүлгийг нь уншиж, урсан өнгөрөх цаг хугацааг умартдаг. Шүлгийнх нь ур хийц энгийн бөгөөд галтай. Тэр галд гараа ээх хуучин амьдралын шинэ өдрүүд олон ирээсэй гэж хүснэ. Хорвоогоос тэр холдсон ч хонгор сэтгэлийн дэргэдхэн суугаа санагддаг. Ингээд бид та бүхэнд нэрт яруу Л.Ганзулын шүлгүүдээс хүргэж байна. Тэрээр "Болор цом” яруу найргийн наадмын тусгай байрын гурван удаагийн шагнал хүртэж, “Цагаан уул”, “Ган үзэг”, “Алтан цом” зэрэг яруу найргийн наадмын тэргүүн байрыг эзэлж байсан нэгэн.
1. Алтан дальтай шонхорын жигүүр надад байлаа ч
Агуу ихийн дээгүүр нисэж үл зүрхлэнэ
Арслангийн омогоор дүрэлзсэн зориг надад байлаа ч
Аав л ээжийхээ дэргэд согтож үл зүрхлэнэ
Сүүдэр сэгсэрэн өндийх гэгээн дундаас
Сүү нэвчсэн аялгуугаа уйлан уйлан сонслоо
Шүлэг дэргэд нь эцэх бүүвэйн дуунаас
Шөнийн түнэр үргэхийг зүрхээрээ мэдэрч өнжлөө
Зовлон зовлон гэмээ нь хайранд үйрэх хорвоод
Жаргалын цагаан хэлтэрхий болж ижийдээ очюу
Жонон хар морь минь эгшиг шилгээн хатирах
Жамын цэнхэр ертөнцийг хөгөөр тэтгэж амьдарюу
Цагаан бүрдийн тойрмоосоо цагийн шувууд нислээ
Цал мөнгөн гуниг ижийг минь ороолгож ирлээ
Цавьдартай хэдэн адуу наран өртөөлж цувлаа
Цайгаа зөөгтүүлж ижий минь насны өндөрт гарлаа
Алтан дальтай шонхорын жигүүр надад байлаа ч
Агуу ихийн дээгүүр нисэж үл зүрхлэнэ
Арслангийн омогоор дүрэлзсэн зориг надад байлаа ч
Аав л ээжийхээ амьдад үхэж үл зүрхлэнэ...
2. Эгшиглэнгийн цэнхэр ертөнцөд надаас холдох гэхдээ
Эхлээд чи гараараа алгадсан
Үүлэн нүүхийн хоромд эргээд ирэхэд минь
Үгээрээ алгадсан
Сарны гэгээ залгин халамцаж хоноход
Салхиараа алгадсан
Сул аялгуу шүлгэндээ бөмбөрүүлж алс суухад минь
Сургаараа алгадсан
Хачин их саначихаад хавраар зочлоход минь
Харцаараа алгадсан
Намрын дунд сарын билэгт өдөр харин
Намайг чи сүүлчийн удаа тоосоороо алгадсан
Чандага цагаан орчлонд хүнийх болохоосоо өмнө
Час улаахан гэрэлтэй зовлон байсан чи
Шар дурдан гуниг энгэрт нэвчүүлээд одохдоо
Шаналан туучин ирдэг жаргал болсон чи
Дэндүү ариун хайрыг минь чи
Дэлхийгээр нэг цацаагүйсэн бол
Эвийлэх ганцхан ижийгээ мартан чамайг хайрлаж
Энэ орчлонд би нүгэл үүрэх байж дээ
Чамд би гомдох эрхгүй...
3. Гоо сайхан гэдэг
Түүний минь зүрхэн тус газар оршдог
Тод үзэсгэлэн юм
Голын цүнхээлд загас цойлох үдшийн
Хацар шүргэсэн бүдэгхэн хүсэл юм
Гоо сайхан гэдэг
Түүний минь зүрхэн зүгээс нисэн алдах
Түг, түг анир юм
Үсийг нь илэх төдийхөнд
Өвсөн дээр алчуур унах мөч юм
Гоо сайхан гэдэг ямагт
Өндөгөн дотроо донгоддог шувуутай адилгүй юм
Гоо сайхан гэдэг үргэлж
Үнэр анхи бүсгүйн царайд гэрэлтэгч биш юм
Гоо сайхан гэдэг ердөө
Намрын жимсний гашуун амт юм
Гоо сайхан гэдэг зөвхөн
Эмэгтэй хүн гунигаа залгих агшин юм
Гоо сайхан гэдэг энгийнээр
Хорвоо бид хоёрын дундын өмч юм
Гоо сайхан гэдэг эцэстээ
Хайр гэдэг үгний өргөмөл охин юм
Гоо сайхан гэдэг
Надад оршиж
Надаар хэмжигдэнэ
Гоо сайхан гэдэг
Бүсгүйн ээмэг газарт унахад үлдэх
Нүцгэн биеэс цааш
Бүр хэний ч олж үзээгүй
Миний төсөөллийн гүн дэх
Ягаанхан хацартай охины
Инээмсэглэл юм аа...
4. Мөнгөн сар нь хавиргалж хийссээр сэтгэлд гийх
Их тунгалаг орон минь
Мөрөнгийн усанд навчис хөвсөөр хавар тийш одох
Аяс гүн хөндүүрлэл минь
Загасны нүд соёмбоноос ширтэх нь
Таныг хайрлахын учир шалтгаан гэнэ
Завилж суугаад нарыг дуулах нь
Таныг бахдахын өндөр түрлэг гэнэ...
Ай яруухан
Алган дээр алтан өндөг өнхрөх шиг, эмзэгхэн
Алдах вий... гэж дүрлийнхэн зогсоо охин хонгорын
Алим юмуу тоорынх шиг хацрын туяанд хармаар
Эх орон минь..
Манхан даваад хөтөлсөн жингийн цувааны мөр бол
Манай тооллоос гарч одсон дээдсийн минь хөх улбаа юм
Манхан даваад орж ирсэн тэмээн жингийн мөр бол
Манай тоолол руу нүүж ирсэн Монголын хөсөг нүүдлийнх юм
Араг дотор суугаад л унтаж ирсэн хүү бол
Амбагай хааны хүсэл, Тулуйн хатны зүүд юм
Атан тэмээний явдал дунд зөөлөн аялсан дуу бол
Алтан дэлхий нарыг аргадаж мандуулдаг тарни юм...
Ийм хөх дууг зүүдэндээ сонссон хүү
Тэнгэрийн алтан нар шиг мандаж явдаг хувьтай
Ийм эх орныг онож төрсөн хүн л
Тийм надин дуугаар сэтгэлээ чимэх тавилантай
Ай яруухан
Алган дээр алтан өндөг өнхрөх шиг, эмзэгхэн
Алдах вий гэж дүрлийнхэн зогсоо охин хонгорын
Алим юмуу тоорынх шиг хацрын туяанд хармаар
Эх орон минь...
5.
Одоо болсон...
Газраар явгалж ханасан
Нисэх хэрэгтэй
Нилэнхүйд нь их дээрээс харах хэрэгтэй
Хаврын моддын үзүүр хэрхэн тэнгэрт тэмүүлэхийг
Хаан уулсаас гол мөрөн хэрхэн буухыг
Чонын сүрэг хэрхэн нийлэлдэхийг
Цог хийморьтойгоор өндрөөс л харах хэрэгтэй
Уйтгарлаж болохгүй
Уулс давсан ахын минь
Унаа морь улдчихна
Уйлж яагаад ч болохгүй
Ус мөрөн хөндөлсөөд
Уяралт зөөлөн ах минь
Урт аяндаа ганцаардчихна...
Нисэх л хэрэгтэй
Нэгэн цагт захисан үгийг нь
Нээг их өндрийн оройд
Би л хүргэх ёстой...
Л.Сайнаа