БАРИМТ 1
Тэрбээр 1968 оны тавдугаар сарын 9-нд Любляна хотод төржээ.
БАРИМТ 2
1992 онд Люблянагийн их сургуулийн хуулийн факультетийг төгсөж, 1997 онд Үндэсний хуульчдын холбоонд шалгалт өгч тэнцжээ. 2015 онд Венийн их сургуулийн хууль зүйн факультетэд хувийн мэдээллийг хамгаалах чиглэлээр докторын зэрэг хамгаалсан байна.
БАРИМТ 3
Мөн Их Британийн Манчестер хотын Солфордын их сургуулийн сэтгүүл зүйн факультетэд хоёр улирал суралцжээ. Энэ хугацаанд BBC, Granada TV, Sky News, Reuters TV, Border TV зэрэг томоохон телевизүүдэд мэргэжлийн дадлага хийсэн байна. 1996-2001 онд тэрбээр Словенийн арилжааны телевизийн хамгийн том компани “Поп ТВ”-ийн мэдээллийн гол хөтөлбөр болох “24UR”-д хөтлөгчөөр ажиллажээ. Тэрбээр мөн олон сонинд нийтлэл бичиж, хэд хэдэн радиод ажиллаж байв.
БАРИМТ 4
"Анхны бүхэн мартагддаггүйн адилаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн үе маань сэтгэлд тод үлджээ. 1990 оноос эхлэн зургаан жилийн турш би Словенийн радио, телевизийн "Өдрийн тэмдэглэл" мэдээллийн хөтөлбөрийн сэтгүүлч, хөтлөгчөөр ажилласан” хэмээн Пирц Мусар ярьсан нь буй.
БАРИМТ 5
Телевизэд ажилласан нь түүнд алдар хүндийг авчирсан агаад 2022 оны 11 дүгээр сарын 13-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд тэргүүлэхэд нь энэ нь ихээхэн нөлөөлсөн гэж словеничууд үздэг.
БАРИМТ 6
Пирц Мусар 2022 оны 12 дугаар сарын 23-нд тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орсноор Словенийн түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгч болсон билээ.
БАРИМТ 7
Улс төрийн намд хэзээ ч элсэж байгаагүй Наташа Пирц Мусар Словенийн Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшин оролцохоо 2022 оны 6 дугаар сард мэдэгджээ. Есдүгээр сард нь нэр дэвшигчээр бүртгүүлснийхээ дараа өгсөн ярилцлагадаа, "Дараагийн сонгуульд ялахын тулд ажилладаг биш харин хойч үеийнхний төлөө ажилладаг төрийн зүтгэлтэн Словени улсад хэрэгтэй” гэж мэдэгдэж байв.
БАРИМТ 8
Наташа Пирц Мусар бол хувийн мэдээллийг хамгаалах, нээлттэй мэдээлэлд нэвтрэх чиглэлээр 15 жил ажилласан туршлагатай шинжээч аж.
БАРИМТ 9
Тиймдээ ч Монтенегро, Серби болон Украин улсын хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг боловсруулахад оролцож, Армени, Монтенегро, Гамби, Гүрж, Косово, Македон, Серби, Украины шүүгчид болон төрийн албан хаагчдыг сургажээ. Мөн Нидерландын Маастрихт хот дахь Европын Төрийн удирдлагын хүрээлэн, Любляна, Мариборын их сургуулиудад хувийн мэдээллийг хэрхэн хамгаалах тухай сэдвээр лекц уншдаг.
БАРИМТ 10
Тэрбээр өнөөдөр нөхрийн хамт Монгол Улсад айлчилж буй. Түүний нөхөр бизнес эрхлэгч Алеш Мусартай гэдэг бөгөөд тэд нэг хүүтэй.
Сэтгэгдэл (36)