“Парис-2024” паралимпын наадам үргэлжилж байна. Өнөөдөр хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн Т53 ангилалд ОУХМ П.Энхманлай өрсөлдөнө. Тэрбээр паралимпод үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Батдоржийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийн оролцож буй. Түүнчлэн манай улсын тамирчин П.Энхманлай "Токио"-ийн олимпод оролцож байсан туршлагатай нэгэн. Та бүхэндз түүнийг танилцуулж байна.
Түүнд сэтгэл гэдэг гэрэл гэгээ, хүсэл мөрөөдөл гэдэг хүч болж, хүн төрөлхтний цэнгэлийн манлай, эв нэгдлийн оргилд хоёронтоо гарч байна. Хоёр настай байхдаа аютомашины ослын улмаас нугасандаа гэмтэл авч, тэр цагаас хойш суумгай болсон Пүрэвцогийн Энхманлай "хэрвээ ийм зүйл болоогүй бол үндэсний бөхөөр хичээллэж, түмнийхээ хайр хүндэтгэл"-ийг хүлээх байсан нь гарцаагүй. Түүний дотор байсаар, хамт өсөж өндийсөн битүүхэн хүсэл нь тийм байж...
Хөнгөн атлетик гэхээр хүний гаргаж болох хурдны гайхамшиг нүдний өмнүүр жирэлзээд өнгөрнө. Тэр тэргэнцэрээ хөдөлгөж, тэр гараа хөл мэт мэдрэн гүйж, эх орныхоо эгшиглэнт дуулал, сүлд юуг мандуулдаг юм.
Хэнтий аймгийн Биндэр сумын хүү зөвхөн 100 метрт уралддаггүй, түүний хувьд 2014 онд "Улаанбаатар марафон"-д оролцсон агаад 42,95 км замыг хөлс хүч, тэсвэр хатуужлаараа туулан марафонч Б.Сэр-Одын ард барианд орж байжээ. Гэсэн ч түүний гавьяаг шударгаар үнэлэлгүй, тусгай байранд оруулж байсан гэдэг. Тэр зам зүгээр л нэг зам биш түүний хувьд сорилт байсан. Тэр чадсан.
Хөгжлийн бэрхшээлтэй гээд хойш суухыг тэр сонгоогүй. 2009 онд хотод ирж, ах дүүгийнхээрээ амьдардаг байсан хатуужил, тэвчээртэй, гол нь мөрөөдөж чаддаг тэр хүүд хотын дарга асан Э.Бат-Үүл Ахмадын орон сууцанд 27 метр квадрат байр өгч байжээ.
Түүнийг спортод сэтгэл, зүрхээ зориулж байхад дэмжих хүн төдий л байгаагүй гэдэг. Энхманлайгийн л төлөө үг боловч, хааяахан хэлдэг аав, ээжийнхээ хэлдэг урмын үгээр хүч сэлбэн урагшилдаг байж.
Тэр хувь заяаг сөрөн тэмцсээр өнөөдрийн амжилтад хүрсэн юм.
Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Сэтгэлийн хямралыг би бараг өдөр болгон мэдэрдэг. Энэ бүхнийг цэцэрлэгт хүрээлэн, бэлтгэл хоёрын ачаар л давна" хэмээжээ.
П.Энхманлай 2012 онд Дубайд тэргэнцэртэй дэлхийн наадамд анх удаа оролцож ангиллаа тогтоолгосон агаад нугас нурууны гэмтэлтэй, бүсэлхийнээс доош мэдээ муутай учраас олон улсын төвшинд Т-53 ангилалд багтсан байна.
Түүний амжилтаас дурдвал, “Токио-2020” паралимпын наадамд тэр 100 метрийн уралдаанд 15.97 минутын амжилтаар долдугаар байрт орж, энэ амжилтаараа улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. 2018 оны Жакартагийн Азийн пара наадамд энэ төрлөөр наймдугаар байр, 200 метрийн төрөлд долоодугаар байр, 400 метрийн төрөлд есдүгээр байр эзэлж байжээ.
- 2016 оны Ази номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт
- 2017 оны Бээжингийн гранпри тэмцээний хүрэл медальт
- 2018 оны Бээжингийн гранпри тэмцээний алтан медальт
- 2019 оны Польшийн гранпри тэмцээний хүрэл медальт
- Монгол Улсын есөн удаагийн аварга юм.
М.Жаргал
Сэтгэгдэл (5)