БАРИМТ 1
Йорданы Хашимит хаант улс нь 89342 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Ази тивийн баруун захад байрладаг орон. Йордан голын зүүн эрэг дээр оршдог уг улс нь Ази, Африк, Европ гэсэн гурван тивийн уулзвар дээр урд болон зүүн талаараа Саудын Араб, зүүн хойд хэсгээрээ Ирак, хойд талаараа Сири, баруун талаараа Израиль улстай хиллэдэг.
БАРИМТ 2
Йордан улс баруун урд хэсгээрээ Акабагийн булан дээр Улаан тэнгист гарцтай ба далайн эрэг нь 26 километрийн урттай. Акабагийн булан тус улсыг Египет улсттай хиллэхээс зааглаж өгдөг. Палестины баруун зах болон Үхсэн тэнгистэй баруун хэсгээрээ мөн хиллэдэг Йордан улсын нийслэлийг Амман гэдэг.
БАРИМТ 3
Йордан улсын хүн амын нийт тоо 2021 оны байдлаар 11 сая байсан бөгөөд тэдний 95 хувийг араб үндэстний хүмүүс бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт йорданчуудын 97 хувь нь улсынхаа албан ёсны шашин болох исламын шашныг шүтдэг. Мөн тус улсын албан ёсны хэл бол араб хэл.
БАРИМТ 4
Орчин үеийн Йордан улсын газар нутаг дээр хүн төрөлхтөн палеолитын үеэс эхлэн суурьшин амьдарч эхэлсэн. Хүрэл зэвсгийн үеийн төгсгөл гэхэд тухайн газар нутаг дээр Аммон, Моаб, Эдом гэх үндсэн гурван эзэнт гүрнүүд оршиж байсан. Үүний дараа Йордан улсыг Ассирийн эзэнт гүрэн, Набатейн хаант улс, Персийн эзэнт гүрэн, Ромын эзэнт гүрэн гэх мэт хүчирхэг улсууд эзлэн авч ээл дараалан удирдсан.
БАРИМТ 5
Ингэж явсаар Османы эзэнт гүрэн Йордан улсыг эрхшээлдээ оруулсан боловч 1916 онд дэлхийн нэгдүгээр дайны үеэр Арабын их бослого гарч Британи болон Франц улсууд Османы эзэнт гүрнийг хоёр хуваасан. Улмаар 1921 онд Йордан улсын хааны гэр бүл буюу Хашемит нь Трансйорданы Эмират улсыг байгуулсан.
БАРИМТ 6
Тухайн үедээ Их Британий хамгаалалтад байсан Йордан улс 1946 онд албан ёсоор тусгаар тогтнолоо Трансйорданы Хашимуудын хаант улс гэх нэртэйгээр зарласан. Гэхдээ 1948 онд Араб-Израилийн дайны үеэр улсынхаа баруун эргийг эзлүүлснийхээ дараа тэд улсынхаа нэрийг Йорданы Хашимит хаант улс болгон өөрчилсөн.
БАРИМТ 7
Йордан улс алдсан газар нутгаа 1988 онд буцаан эзэлж, 1994 онд Израиль улстай энхийн гэрээ байгуулсан. Йордан бол уг гэрээг байгуулсан Арабын ертөнцийн хоёр дахь орон. Тус улс 1948 оноос хойш хөрш зэргэлдээх орнуудаасаа дүрвэгчдийг нээлттэй хүлээн авсаар ирсэн бөгөөд одоогийн байдлаар Палестинаас 2.1 сая, Сирээс 1.4 сая хүн Йордан улсад суурьшаад байна.
БАРИМТ 8
Йордан улсын одоогийн хааныг хоёрдугаар Абдулла гэдэг. Тэрбээр 1999 оны хоёрдугаар сарын 7-нд хаан ширээндээ заларсан ба хааны удмын 41 дэх хүн юм байна. Харин Йордан улсын ерөнхий сайдыг Бишер Аль-Хасавне гэдэг. Тэрбээр 2020 оноос хойш ерөнхий сайд болон батлан хамгаалахын сайд гэх албан тушаалуудыг хамтад нь хашиж байна.
БАРИМТ 9
Бүс нутгийнхаа хамгийн жижиг эдийн засагтай орнуудын нэг боловч Йордан улс дунджаас дээш орлоготой. Чадварлаг ажиллах хүчинтэй тул гадаадын хөрөнгө оруулагчид Йордан улсад хөрөнгө оруулах дуртай байдгаас гадна тус улсын аялал жуулчлалын салбар нэлээд нэр хүндтэй.
БАРИМТ 10
Бага хэмжээний байгалийн баялаг, их хэмжээний дүрвэгчдийн давлагаа гэх мэт зүйлс Йордан улсын хөгжлийг бага зэрэг араас нь татдаг ч тус улсын эрүүл мэндийн салбар өндөр түвшинд хөгжсөн. Бусад орнуудаас хүнд өвчтэй хүмүүс эмчлүүлэх гэж Йордан улсыг зорих тохиолдол цөөнгүй бүртгэгддэг.
БАРИМТ 11
Та Йордан улсад очсон бол дэлхийн хамгийн шорвог нууруудын нэг болох Үхсэн тэнгист очиж үзэх хэрэгтэй. Уг нуурын усанд агуулагддаг давсны хэмжээ энгийн усныхаас найм дахин их байдаг тул Үхсэн тэнгист ямар ч загас болон ургамал байхгүй. Магадгүй энэ нь жуулчдыг илүү тав тухтай сэлэхэд тус болдог.
БАРИМТ 12
Мөн Үхсэн тэнгис бол дэлхий дээрх хамгийн нам дор газар. Уг нуур далайн түвшнээс доош 480 метрийн өндөрт оршдог бөгөөд нуурын ёроол нь далайн түвшнээс доош 728 метрт оршдог. Хэн нэгний хоол хамт идэх саналд зөвшөөрөхөөсөө өмнө гурван удаа татгалзах нь эелдэг байдлыг илтгэдэг гэж йорданчууд үздэг.
БАРИМТ 13
Йордан улс дахь хамгийн алдартай газар бол Петра. Ойролцоогоор манай эриний өмнөх дөрөвдүгээр зуунд нүүдэлчин Набатейн арабуудын нийслэл болон баригдсан уг газар дэлхийн долоон гайхамшгийн нэгээр ч нэрлэгдэх тохиолдол байдаг. Ямартай ч Йордан улсад очсон бүх жуулчид Петрагаар зочлох ёстой гэх бичигдээгүй хууль бий.
БАРИМТ 14
Йордан улсад жуулчдын очиж үзэх боломжтой 100,000 гаруй археологийн үнэт газрууд байдаг. Хэрэв та энэ төрлийн зүйлсийг сонирхдоггүй бол гурван тивийн үнэт зүйлсийг өөртөө шингээсэн йорданчуудын өв уламжлал, ёс заншил болон амьдрах хэв маяг нь таныг уйдаахгүй.
БАРИМТ 15
Дэлхийн хамгийн эртний далан Йордан улсад байдаг. Жава даланг манай эриний өмнөх дөрөвдүгээр зуунд тус бүс нутагт амьдарч байсан эзэнт гүрнүүд ундны усны нөөцөө ихэсгэх зорилготой барьсан. Одоо цагт ч Йордан улс ундны усны хомстолд орсон хэвээр. Тус улсын албан ёсны мөнгөн тэмдэгтийг “Йордан Динар” гэдэг.
БАРИМТ 16
Йордан улсын нийслэл Амман бол дэлхий дээрх хамгийн эртний хотуудын нэг. Манай эриний өмнөх 7250 онд байгуулагдсан гэдэг нь уг хотыг ямар балар эртний болохыг нь баталж байна. Мөн Йордан бол дэлхий дээрх хамгийн бага ой модтой орнуудын нэг. Тус улсын газар нутгийн хоёроос бага хувийг ой мод бүрхдэг. Харин дэлхийн дундаж 15 хувь байдаг.
БАРИМТ 17
Эмиратын хувиар Их Британийн харьяалалд байх үед Израиль, Палестин гэх улсуудаас гадна Сири улсын зарим хэсэг Йордан улсын эзэмшил байсан. Мөн Йордан улс бол эмэгтэйчүүдийг цагдаагийн албанд ажиллахыг зөвшөөрсөн хамгийн анхны Арабын орон. Одоо ч тус улс дахь эмэгтэй цагдаа нарын тоо нэмэгдсээр байгаа.
БАРИМТ 18
Йордан улсын үндэсний хоолыг “Мансаф” гэдэг. Уг хоолыг хурганы махыг иссэн тараг дээр чанаж, нарсны самраар амталж булгур буудай эсвэл цагаан будаатай хольж бэлтгэдэг. Йорданчууд мансафыг хурим найр, оршуулга, баяр ёслол гэх мэт онцгой үеүдэд ихэвчлэн бэлтгэдэг.
БАРИМТ 19
Йордан улсын үндэсний цэцэг болох хар цахилдаг нь маш ховор. Уг цэцэг зөвхөн хаврын улиралд вади Рум гэх газар ургадаг. Ихэнх орнуудын үндэсний цэцэгс тухайн орондоо элбэг ургадаг байдаг бол Йордан улсад уг нөхцөл байдал эсрэгээрээ. Уг цэцгийн нэрээр нэрлэгдсэн зочид буудал, ресторан гэх мэт олон газар Йордан улсад байдаг.
БАРИМТ 20
Йордан улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Йордан улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2014 оны Бразил улсад зохион байгуулагдсан ДАШТ-д оролцох эрхийг авахад тун ойрхон очсон. Тэд плей-оффын тоглолтод Уругвайн хүчирхэг багийн эсрэг ялагдал хүлээсэн. Мөн уг шигшээ баг 2004 оноос хойш Азийн цомд дөрвөн удаа оролцсон.
БАРИМТ 21
Йорданы баг тамирчид 1980 оны Москвагийн олимпоос хойш зуны олимпд тасралтгүй оролцсоор ирсэн. Тэд одоогийн байдлаар олимпын наадмаас нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медалийг хүртээд байна. Йордан улсын цор ганц олимпын аваргыг Ахмад Абугауш гэдэг ба түүний хувьд 2016 оны Рио де-Жанейрогийн олимпын эрэгтэйчүүдийн таеквондогийн 68 кг жинд түрүүлсэн.
БАРИМТ 22
Йордан улсын төрийн далбаа улаан, цагаан, хар, ногоон гэх дөрвөн өнгөнөөс бүрддэг. Эдгээр өнгөнүүд нь Арабын ертөнцийн ихэнх орнуудын далбаанд багтдаг уламжлалт өнгөнүүд юм. Уг өнгөнүүд нь Аббасид, Умайяд, Фатимид гэх Арабын ертөнцийн томоохон эзэнт гүрнүүдийг илтгэдэг.
БАРИМТ 23
Зүүн гараа ашиглан хоол идэж, юм уухыг йорданчууд бохир, бүдүүлэг үйлдэл гэж үздэг. Мөн йорданчууд хүүхдүүдийг бага наснаас нь хэт их магтахыг цээрлэдэг. Йордан улс дахь хамгийн урт гол бол 251 километр урттай Йордан гол. Мөн тус улсад ургадаг хамгийн түгээмэл мод бол оливийн мод.
БАРИМТ 24
15-аас дээш насны йорданчуудын 98.2 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Харин тэдний дундаж наслалт нь 74.5 жил байдаг. Йордан улсын цор ганц далайн боомттой хотыг Акаба гэдэг. Уг боомтод өчигдөр харамсалтай осол гарч хорт хлорын шар хий дэлбэрснээс болж 13 хүн амиа алдсан.