БАРИМТ 1
Израиль улс нь 20770 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Ази тивийн баруун захад оршдог (Европ тивд мөн хамаарагддаг) орон. Газар дундын тэнгисийн зүүн урд болон Улаан тэнгисийн хойд эрэгт байрлалтай тус улс Ливан, Сири, Йордан, Египет гэх орнууд болон Палестиний газар нутагтай хиллэдэг.
БАРИМТ 2
Тус улсын нийслэл нь дэлхийн хамгийн эртний хотуудын нэг болох Иерусалим боловч хамгийн алдартай, технологи болон эдийн засгийн төв болсон хот нь Тел-Авив. Мөн Иерусалим хотын нийслэл гэгддэг нөхцөл байдал яг үнэндээ олон улсын хуульд хүчин төгөлдөр биш. Учир нь уг хотыг Израиль болон Палестин улсууд нийслэлээ хэмээн нэрлэдэг.
БАРИМТ 3
Израиль улсын хүн амын нийт тоо 2022 оны байдлаар 9537000 байсан бөгөөд тэдний 74.2 хувийг еврей, 20.9 хувийг араб үндэстнүүд бүрдүүлдэг. Харин шашны хувьд нийт израильчуудын (Израиль улсын иргэншилтэй бүх хүмүүсийг хамааруулж хэлнэ) 75.2 хувь нь иудейн, 17.8 хувь нь исламын шашныг шүтдэг. Улсын албан ёсны хэл нь еврей хэл ба үүнээс гадна тус улсад англи, араб хэлнүүд өргөнөөр ашиглагддаг.
БАРИМТ 4
Одоогийн Израиль улсын газар нутаг дээр дунд хүрэл зэвсгийн үеэс эхлэн Канаан овог аймгууд суурьшиж эхэлсэн ба түүхийн уртад Селевкидийн эзэнт гүрэн, Хасмоны гүрэн, Ромын эзэнт гүрэн, Византын эзэнт гүрэн гэх мэт хүчирхэг эзэнт гүрнүүдийн нэг хэсэг болсоор Османы эзэнт гүрний мэдэлд орсон.
БАРИМТ 5
Дэлхийн нэгдүгээр дайны дараа британичууд Палестин дахь Британийн мандатыг бий болгож дэлхийн хоёрдугаар дайны дараа НҮБ-д элсэн оруулсан. Гэхдээ уг мандат хүчингүй болсны дараа израилчууд 1948 онд тусгаар тогтнолоо зарлаж 1949 онд бие дааж НҮБ-д элссэн.
БАРИМТ 6
Тусгаар тогтнолоо зарласнаас хойш Израиль улс хэд хэдэн Арабын орнуудтай байлдсаар ирсэн. Израиль-Палестиний зөрчилдөөн өнөөдрийг хүртэл шийдэлд хүрээгүй байгаа ч Израиль улсын хувьд Арабын орнуудтай энх тайвны гэрээ байгуулж, хамтын ажиллагаагаа сэргээгээд эхэлчихсэн.
БАРИМТ 7
Израиль нь парламентын засаглалтай орон бөгөөд одоогийн төрийн тэргүүнүүдийг нь нэрлэвэл Ичак Герцог (ерөнхийлөгч), Нафтали Бенет (ерөнхий сайд), Яир Лапид (ерөнхий сайдын орлогч) гэх мэтээр үргэлжилнэ. Тус улс нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд 15-аар байранд жагсдаг ба өндөр хөгжилтэй орнуудын тод төлөөлөл.
БАРИМТ 8
Израиль улс бол устаж үгүй болсон хэлийг сэргээж, улсынхаа албан ёсны хэл болгосон дэлхий дээрх цор ганц орон. Тус улсын иргэд бөөр хандивласан тоогоороо дэлхийд тэргүүлдэг бөгөөд уг тоо сүүлийн 11 жилийн хугацаанд 1,005 хүрээд байна. Мөн Израиль улс дахь хамгийн эртний мод 1,500-2,000 жилийн настай.
БАРИМТ 9
Эрдэмтэд болон техникчдийн тоог хүн амтай нь харьцуулан гаргасан тоогоор Израиль улс дэлхийд тэргүүлдэг. Үүнийг илтгэх нэг баримт дэлгэхэд 1966 оноос хойш Израиль улсын нийт 13 иргэн Нобелийн шагнал хүртсэн. Израиль улс 1967 оны зургадугаар сард Египет, Сири, Йордан гэх орнуудтай зургаан өдрийн дайн хийж байсан.
БАРИМТ 10
Газар нутгийн хэмжээ багатай, хагас цөлийн уур амьсгалтай, хүн амын хэт их өсөлт, хязгаарлагдмал нөөц гэх мэт хүчин зүйлсээс шалтгаалж Израиль улсын байгаль орчны нөхцөл байдал жилээс жилд муудаж, бохирдол ихэссээр байна. Израиль улсад амьдарч байсан хамгийн эртний хүн төрөлхтний олдвор 1.5 сая жилийн өмнөх үед хамаарагддаг.
БАРИМТ 11
Израил улсад байх Галилейн тэнгис бол дэлхий дээрх хамгийн нам дор газар байрладаг цэвэр устай нуур юм. Мөн Израиль улстай хиллэдэг, 605 хавтгай дөрвөлжин километр газрыг бүрхдэг Үхсэн тэнгист ямар ч ургамал болон загас амьдардаггүй. Учир нь уг нуурын усан дахь давсны агууламж 33.7 хувь. Энэ нь далайн уснаас найм дахин их давстай гэсэн үг.
БАРИМТ 12
Израиль улсын иргэдийн нэг сарын дундаж цалин 2,580 ам.доллар буюу найман сая төгрөг. Мөн тэд хүний хөгжлийн индексээрээ дэлхийд 19-ээр байранд жагсдаг. Израиль улсын эдийн засаг ихэвчлэн аж үйлдвэрлэл болон технологийн салбар дээр тогтдог боловч уг улсын алмазын нөөц нэлээд их. Тэд дэлхийн нийт алмазын хэрэглээний 12 хувийг дангаараа хангадаг.
БАРИМТ 13
Хөдөлмөр эрхэлдэг израильчуудын дөнгөж дөрвөн хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг, хагас цөлжилтийн уур амьсгалтай гэх асуудлууд Израиль улсад тулгардаг хэдий ч тэд дотоодын нийт хоол хүнсний хэрэглээнийхээ 95 хувийг хангаж чаддаг. Ийм учраас хөдөө аж ахийн салбарт хөдөлмөр эрхэлдэг хүмүүс Израиль улсад маш их хүндлэл хүлээдэг.
БАРИМТ 14
Израиль улс 158000 тэрбум цэвэр усыг жил бүр дахин боловсруулж хэрэглэдэг боловч тэдний 75 хувийг хөдөө аж ахуйн салбартаа ашигладаг. Тийм болохоор тус улс бороо ордоггүй арваас таван сарын хооронд цэвэр усны дутагдалд ордог. Мөн Израиль улс хэрэглээнийхээ нийт газрын тосыг хуучин Зөвлөлт Холбоот улсын нэг хэсэг байсан орнуудаас импортоор авдаг.
БАРИМТ 15
Гэхдээ уг нөхцөл байдал удаан үргэлжлэх төлөвгүй байгаа. Учир нь Израиль улс их хэмжээний байгалийн хийн нөөцтэй бөгөөд уг бүтээгдэхүүнийг 2004 оноос хойш боловсруулж, 2017 оноос Йордон улс руу экспортолж эхэлсэн. Дэлхийн хоёрдугаар дайны үед амьд үлдсэн ихэнх еврейчүүд өнөө цагт Израиль болон АНУ-д амьдардаг.
БАРИМТ 16
Израиль улсыг цөмийн зэвсэгтэй хэмээн дэлхийн ихэнх улс орнууд үздэг. Хэд хэдэн эх сурвалжуудын мэдээлдгээр Израиль улс Плутонид суурилсан 100 цөмийн цэнэгт пуужингийн хошуутай. Гэхдээ Израиль улс уг мэдээллийг хэзээ ч үнэн зөв гэж баталж байгаагүй.
БАРИМТ 17
Израилийн зэвсэгт хүчний бүх албан хаагчид ижил зэрэглэлийн журамтай. Өөрөөр хэлбэр Израиль улсын зэвсэгт хүчин, агаарын хүчин болон тэнгисийн цэргүүд бүгд ижил журмаар цол ахиж, ижил цол авцгаадаг. Мөн Израиль улс нь эмэгтэйчүүдийг цэргийн алба хаахыг шаарддаг дэлхий дээрх цор ганц орон.
БАРИМТ 18
Израиль улсад байх Ариун Булш гэх сүмийн цонхны доор модон шат 18-аар зуунаас хойш байрнаасаа хөдлөлгүй байсаар байгаа. Уг барилга нь нийт зургаан өөр сүмээс бүрддэг бөгөөд тэрхүү шат аль сүмийн эзэмшил гэдэг нь тодорхойгүй байдаг. Ийм учраас модон шатыг эзнийх нь зөвшөөрөлгүй хөдөлгөх боломжгүй.
БАРИМТ 19
Израиль улсад бүртгэгдсэн хамгийн өндөр температур нь Цельсийн 54 хэм байсан. 1942 онд бүртгэгдсэн уг температур дэлхий дээр бүртгэгдсэн хамгийн халуун температураас дөнгөж 2.7 хэмээр бага байсан. Мөн Израиль улс коронавирусын эсрэг дархлаа тогтоох вакцин хийлгэсэн иргэнийхээ хувиар дэлхийд тэргүүлдэг.
БАРИМТ 20
Израиль улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Тус улсын хамгийн алдартай хөлбөмбөгийн клубийг Маккаби Тел-Авив гэдэг ба уг клуб Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигт тогтмол оролцдог. Мөн Израилийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 1970 оны ДАШТ-д оролцож байсан удаатай.
БАРИМТ 21
Израилийн баг тамирчид 1980 оны Москвагийн олимпыг эс тооцвол 1952 оноос хойш зуны олимпд, 1994 оноос өвлийн олимпд тасралтгүй оролцсоор ирсэн. Одоогийн байдлаар Израиль улсын нэр дор 3 алт, 1 мөнгө, 9 хүрэл зуны олимпын медаль бүртгэгдсэн. Израильчууд гимнастик болон жүдо бөхийн спортуудад түлхүү өндөр амжилт үзүүлцгээдэг.
БАРИМТ 22
Израиль улс нэг хүнд оногдох музейн тоогоороо (нийт 200 музей) дэлхийд тэргүүлдэг. Мөн тус улсын аялал жуулчлалын салбар хурдацтай хөгжсөөр байгаа бөгөөд коронавирусын халдвар тархахаас өмнө жилд дунджаар 4.5 сая жуулчин хүлээн авдаг болоод байсан.
БАРИМТ 23
Израильчууд бол боловсролыг юу юунаас илүүтэйгээр дээдэлдэг ард түмэн. Тэд хүүхдүүдийг заавал сургуульд элсэн орч сурах тухай хуулийг хамгийн анх баталж байсан хүмүүс бөгөөд насанд хүрсэн израильчуудын 97.1 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Мөн хөдөлмөр эрхэлдэг израильчуудын тэн хагас нь дээд боловсрол эзэмшсэн байдаг.
БАРИМТ 24
Израиль улсын төрийн далбаа үндсэн цагаан болон хөх өнгөнөөс бүрддэг. Уг далбаа нь нийтдээ бурхны алдар суу, бурхны хатуу ширүүн байдал, цэвэр ариун байдал болон еврейчүүдийг тус тус бэлгэддэг. Энэхүү далбаа 1897 оноос хойш ашиглагдаж байгаа бөгөөд 125 жилийн настай.