Ганбямбын Дөлгөөн Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн томилогдож байв. Тэрээр 2008-2010 онд Монголбанкны Бүртгэлийн хэлтэст нягтлан бодогч, 2010-2013 онд Монголбанкны Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, 2015-2016 онд Монголбанкинд ахлах хянан шалгагчаар ажиллаж байжээ.
Тэр утгаараа Г.Дөлгөөн нь Монголбанкны хувьд хуучин хүн болж таарч байгаа юм. Ер нь бол их сургууль төгсөөд удаагүй жаахан хүү Монголын Төвбанкинд орж, тэгээд шингэж чадсан нь сайн аавын буян гэх хүмүүс бас их байдаг. Гэхдээ “Аавын бийд хүнтэй танилц” гэдэг сайхан монгол үг бий л дээ.
Гэвч Г.Дөлгөөн 11 жилийн өмнө Монголбанкны Хяналт шалгалтын газрын хянан шалгагч байхдаа маш ноцтой алдаа гаргаж байжээ. Энэ талаар тухайн үеийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтлэгджээ.
Бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогчоос Хяналт шалгалтын хэлтсийн хянан шалгагч болоод удаагүй байсан Г.Дөлгөөн дээр 2010 оны хоёрдугаар сарын 19-нд яагаад ч юм “ТТ” ХХК-иас “Тээвэр хөгжлийн банк”-тай холбоотой гомдол оччихжээ. Г.Дөлгөөн гомдол ирсэн өдөр жирийж очоод “Тээвэр хөгжлийн банк”-ны зээлдэгч “ГУ” компанийн зээлийн материал, баримтуудтай танилцсан байна. Мөн тэр өдрөө “ТТ” ХХК-иас шилжүүлсэн 800 мянган ам.долларын гүйлгээний утга зөрүүтэй байгааг олж тогтоов.
Асуудал энд үүссэн байгаа юм. Ингэж тухайн үед Г.Дөлгөөн зээлийн барьцаанд тавьсан хувьцааг чөлөөлснөөрөө “Тээвэр хөгжлийн банк”-ны зээлийн төлөлтөд сөргөөр нөлөөлсөн байна.
Монголбанкны шалгалтын хэсэг бүх шатандаа шалгаад “.. “Анод” банк шиг дампуурах вий” гэдгийг сануулсан ч хянан шалгагч Г.Дөлгөөн “Би мэдэж байна” гээд гүрийчихсэн тухай эх сурвалжийн мэдээлэл байна.
Өөрөөр хэлбэл, Г.Дөлгөөн “Тээвэр хөгжлийн банк”-ны зээлийг төлүүлэхгүйгээр зээлдэгч бус хөндлөнгийн хүнд хувьцааг буцаан олгох нөхцөлийг мэдэгдэл гаргачихжээ.
Дээрээс нь бүр ноцтой явдал болсон нь Г.Дөлгөөний мэдэгдлийн дагуу “ТТ” компани гомдол гаргаад “Тээвэр хөгжлийн банк”-ны ажлаа хийж явсан гурван ажилтныг УМБГ-т шалгуулж ёстой л “махыг нь идсэн” байна. Тэдгээр гурван ажилтныг 2010 оны зургадугаар сард цагдаад өгч, улмаар хууль хяналтын байгууллагаас Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар яллагдагчаар татаж шалгажээ. Ийм байдлаар 2011 оны дөрөвдүгээр сар хүртэл бүтэн арван сарын турш хэлмэгдүүлж, бие сэтгэлийн хүнд дарамт учруулсан талаар эх сурвалжууд мэдээлжээ.
Хууль нүдтэй. Учрыг нь олдог. Уг хэргийг шалгаж байсан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Мижиддорж “Нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
Энэ хооронд Чингэлтэй дүүргийн шүүх 2011 оны долдугаар сарын 1-нд Г.Дөлгөөний гаргасан мэдэгдлийг үндэслэн зээлийн барьцаанд байсан “Т” компанийн 10231 ширхэг хувьцааг цуцлуулж, “ТТ” компанид ямар ч үндэслэлгүйгээр шилжүүлэх шийдвэрийг гаргачихжээ. Нийслэлийн шүүх ч хэвээр үлдээж шийдсэн байгаа юм.
Энэ бүхний эцэст “Тээвэр хөгжлийн банк”-ны гурван ажилтан бүтэн арван сар цагдаа хуулийн газраар явж хэлмэгдээд, “ГУ” компанийн нийт 2 226 347. 214 төгрөгийн өрийг барагдуулах боломжгүй болгож орхижээ.
Дараахан нь “Тээвэр хөгжлийн банк”-наас Монголбанкны Ерөнхийлөгчид “Тус банк “Банкны эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол зээл төлөх хугацаа болмогц зээлдэгчийн батлан даагчийн данснаас үл маргах зарчмаар өр төлүүлнэ” гэсэн заалтын дагуу зээлийн төлбөрөө суутгасан. Тиймээс “ГУ” компанитай гэрээ байгуулсны дагуу тэдний харилцах дансанд орж ирсэн валют бүрийг гүйлгээний утга ямар байхаас үл хамааран өр төлүүлэх ёстой. Гэтэл гэрээлэгч талуудын хоорондын харилцааг хөндлөнгөөс дүгнэж, зээлийн төлөлтөд саад учруулсанд нь гомдол гаргаад байгаа юм билээ. Ингээд дээрх үндэслэлээр улсын байцаагч Г.Дөлгөөний гаргасан 2010 оны гуравдугаар сарын 4-ний 04/108 тоот мэдэгдлийг шалган хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг гаргасан байдаг.
Монголбанкны ерөнхийлөгч үүнд ямар хариулт өгсөн бэ. 11 жилийн өмнө гурван хүн хэлмэгдүүлж, арилжааны банкны 2.2 тэрбум төгрөгийн зээлийн өрийг барагдуулах боломжгүй болгож маш ноцтой алдаа гаргасан Монголбанкны хянан шалгагч Г.Дөлгөөн ямар хариуцлага хүлээсэн бэ. Ер нь энэ явдал яаж дууссан бэ?!?!?!
Юутай ч олон түмний мэдэхээр Г.Дөлгөөн нь энэ явдлаас хойш тушаал дэвшиж, Монголбанкны Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч болсон. Улмаар өнгөрсөн жил Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч болоод байна.
Алдаа гаргасан ч ахиад, албан тушаал дэвшээд явдаг гажиг тогтолцоо гагцхүү Монголд байдаг болов уу даа. Ийм мэтийн жишгийг халж, хариуцлага хүлээлгэж чаддаг болгохын төлөө төр, нийгэм тэр чигтээ анхаарах учиртай билээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (10)