Сири Улсад гурван жилийн турш цэргийнхний барьцаанд байсан Японы сэтгүүлч Жүмпэй Ясуда эх орондоо эсэн мэнд эргэж ирлээ. Тэрээр одоогоос гурван жилийн өмнө Сирийн иргэний дайны нөхцөл байдлыг сурвалжлахаар Туркаар дамжиж Сирид очоод ор сураггүй алга болсон юм. Өдгөө 44 настай Жүмпэй Ясуда эх орондоо ирсэндээ туйлын баяртай байгаа аж. Гэвч “цаашид юу хийх, хэрхэн амьдрах тухайгаа бодох ч сөхөө алга” хэмээн Японы хэвлэл мэдээллийнхэнд ярьжээ.
Тэрээр Сирид өнгөрүүлсэн гурван жилийг бие мах бодь болоод сэтгэл санааны хувьд яг л тамд байгаа мэт байсан гэж дүрсэлжээ. Түүний толгойд Сири Улсаас эсэн мэнд буцна гэсэн өөдрөг бодол хэзээ ч орж ирж байгаагүй байна. Мөн урт хугацааны туршид эх хэлээрээ яриагүй учир зарим үгээ санах гэж хичээж байгаагаа хэлэв. Японы холбогдох албаныхан түүний эрүүл мэнд сайн байгааг мэдээлж буй. Тус улсын ерөнхий сайд Шинзо Абэ Катар болон Туркийн төрийн тэргүүнтэй утсаар холбогдож Японы сэтгүүлчийг эсэн мэнд эх орондоо эргэж ирэхэд нь дэмжлэг үзүүлсэнд талархаж буйгаа илэрхийлжээ. Сэтгүүлч Жүмпэй Ясуда өмнө нь 2004 онд Багдад очиж сурвалжлага бэлтгэж байжээ. Хоёр дахь удаагаа Ойрхи Дорнодын оронд очоод ийнхүү барьцаалагджээ.
Сирийн цэргийн эрх мэдэлтнүүдэд баригдсаны дараа Жүмпэй Ясуда хэд хэдэн удаа интернэтэд бичлэг байршуулж, тусламж хүсч байсан юм.
Ц.Тунгаа