Нэгэн цагт зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Азербайжан улсын хөгжилд газрын тосны баялгийн сан чухал үүрэг гүйцэтгэжээ. Азербайжан улс 9.8 сая хүн амтай, 86.000 мянган км квадрат нутаг дэвсгэртэй. Тэртээх 1994 оны 09 дүгээр сарын 20 өдөр “Зууны гэрээ” гэгдэх болсон Каспийн тэнгисийн ойролцоох газрын тосны хамтарсан “Azeri, Chirag, Gunashli” талбайн гэрээг гадаадын нэр хүндтэй компаниудтай байгуулсан юм.
Энэхүү гэрээг байгуулснаар Азербайжан газрын тосны стратегийн үндэс суурийг тавьж, дэлхийн зах зээлд эрчим хүчний гол экспортлогч орон болоход чухал нөлөөлсөн юм. Тус улсын Ерөнхийлөгч Илхам Алиевын урт хугацааны газрын тосны стратеги нь улс орны хөгжил, дэвшил хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн гэж судлаачид үздэг байна. Ийнхүү Азербайжаныг “тэжээх” газрын тосны стратегиа амжилттай боловсруулж, хэрэгжүүлсний дараа Ерөнхийлөгч Илхам Алиев 1999 оны 12 дугаар сарын 29-ны өдөр 240 дүгээр зарлигаар Азербайжаны газрын тосны баялгийн санг байгуулах шийдвэр гаргасан байна. Өдгөө газрын тосны баялгийн сан олон улсад менежмент болон санхүүгийн зарцуулалтын ил тод байдлаар танигджээ.
Газрын тосны баялгийн сангийн 2018 оны ашиг орлогыг 11.56 тэрбум мэнат /Азербайжаны үндэсний мөнгөн тэмдэгт/ буюу 6.8 тэрбум доллар, зардлыг нь 9.7 тэрбум мэнат буюу 5.7 тэрбум долларт байхаар төсөвлөжээ.
Газрын тосны баялгийн сангийн хөрөнгөөр Азербайжан улс улсын төсвийнхөө 50 хувийг бүрдүүлдэг юм. 2018 онд 9.2 тэрбум мэнат буюу 5.5 тэрбум долларыг улсын төсөвт шилжүүлсэн нь өнгөрсөн жилийнхээс өссөн үзүүлэлттэй байна.
Газрын тосны баялгийн санг 2018 онд дараахь орлогоос бүрдүүлнэ.
- Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдийн онцгой албан татвар, маркетинг болон даатгалын хөлс, дэд бүтэц тээвэрлэлт, банк болон гаалийн зөвшөөрлийн орлого
- Гадаадын хөрөнгө оруулагчдын газрын тосны талбай ашиглалтын төлбөр
- Газрын тос болон хийг Азербайжаны нутгаар дамжин өнгөрүүлэх, тээвэрлэлтийн төлбөр
- Азербайжаны газрын тосны баялгийн сангийн актив хөрөнгийн ашиг
- Хий болон газрын тосны төслийн хэрэгжилтийн урамшуулал төлбөрөөс тус тус бүрддэг байна.
Газрын тосны баялгийн сангийн мөнгийг юунд зарцуулдаг вэ?
- Азербайжаны улсын төсөвт дэмжлэг үзүүлэх
- Дүрвэгсдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх
- Тодорхой газрын услалтын системийг сэргээхэд санхүүжилт олгох
- “Baku-Tbilisi-Kars” хурдны галт тэрэгний төсөл
- Азербайжаны залуучуудыг гадаадад сургах боловсролын хөтөлбөрийг санхүүжүүлэх
- Газрын тосны баялгийн сангийн үйл ажиллагааны зардалд тус тус зарцуулахаар төлөвлөсөн байна.
Ц.Тунгаа
Сэтгэгдэл (1)