Хятад хариугаа авав
Дэлхийн хоёр том гүрэн болох Америк, Хятадын дунд худалдааны дайн өрнөөд багагүй хугацаа өнгөрч байна. Хамгийн сүүлд Америкийн талаас Хятадын 200 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүнд татвар ногдуулах шийдвэр гаргасан нь хоёр орны худалдааны дайныг улам ширүүсгэсэн билээ. Үүний хариуд Хятадын Засгийн газрын зүгээс Америкийн 60 тэрбум ам.долларын өртөг бүхий бүтээгдэхүүнд шинэ тариф тогтоож буйгаа зарлав. Ерөнхийлөгч Доналд Трамп энэ тухай жиргэхдээ “Хэрвээ манай фермер, хөдөө аж ахуй, үйлдвэрийн ажилчдад Хятадын эдийн засгийн шинэ тариф чиглэх юм бол Хятадын эсрэг хариу арга хэмжээг яаралтай авах болно” хэмээжээ.
Ямар бүтээгдэхүүн хамрагдах вэ
Америкийн зах зээлд борлуулалт өндөртэй байдаг 6000 нэр төрлийн Хятадын бараа бүтээгдэхүүний импортын татвар нэмэгдэж байгаа аж. Тодруулбал, иргэдийн өдөр тутмын хэрэглээний ариун цэврийн цаас, цүнх, ноолууран бүтээгдэхүүн, хөлдөөсөн мах, бүх төрлийн жимс, үр тарианы гаралтай бүтээгдэхүүн, будааны импортын татвар тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа бол ухаалаг цаг, хамгаалалтын малгай, машины хүүхдийн суудал, сандал зэрэг 300 нэр төрлийн бүтээгдэхүүний татвар нэмэгдээгүй байна.
Америк яагаад зөрүүдлэх болов
Америкийн талаас худалдааны дайныг Хятадын шударга бус худадааны бодлогоос үүдэлтэй гэж тайлбарлаж байна. Америкт борлуулж байгаа Хятадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн үнэтэйгээс гадна үндэсний үйлдвэрлэгчийн ажлын байрыг булааж байна гэж албан тушаалтнууд үзэж байгаа юм. Америкийн эрх баригчдын зүгээс Бээжин эдийн засаг, худалдааны бодлогоо өөрчилнө гэж итгэж байгаа юм. Хоёр тал ойлголцохоор оролдлого гаргасан ч одоогийн байдлаар амжилтанд хүрээгүй байна.
Ц.Анир
Сэтгэгдэл (1)