Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн есдүгээр сард Азербайжан улсад албан ёсны айлчлал хийж, хоёр орны эдийн засаг, худалдааны асуудлыг хөндсөн. Тэр дундаа Азербайжаны баялгийн сан буюу газрын тосны сангийн үйл ажиллагаатай танилцсан билээ. Сүүлийн үед Ерөнхийлөгч Х.Баттулга ам нээх болгондоо Азербайжаны ололт амжилтыг жишээ болгон ярих болсон. Тиймээс тус улсын Төрийн тэргүүн Илхам Алиев гэж хэн болох, Азербайжаныг “тэжээдэг” газрын тос, хийн үйлдвэрлэлийн амжилтын талаар цувралаар хүргэж байна.
Газрын тосны магнат Илхам Алиев гэж хэн бэ
Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев 1961 оны 12 дугаар сарын 24-нд Баку хотод мэндэлжээ. Тэрээр 1977-1982 онд Москвагийн их сургуулийн Олон улсын харилцааны ангийг төгссөн. 1982 онд тус сургуулийн магистр, 1985 онд түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Докторын зэргээ хамгаалсны дараа Илхам Алиев таван жилийн турш Москвагийн их сургуульд гадаад харилцааны чиглэлээр багшилжээ. Дараахан тэрээр худалдааны чиглэлээр бизнесийн салбарт хүч үзэж, олон нийтэд танигдах сууриа тавьжээ. Азербайжаны газрын тосны компанийн анхны дэд ерөнхийлөгчөөр 1994-2003 он хүртэл амжилттай ажилласнаар улс төрийн салбарт хүч үзэх санхүүгийн бэлтгэлээ хангасан гэж судлаачид үздэг байна. Ингээд 1995-2000 онд Азербайжаны парламентын гишүүнээр сонгогдсноос хойш түүний улс төрийн амжилт гэрлийн хурдаар өссөөр байна. Үүний тод жишээ бол Илхам Алиев дөрөв дэх удаагаа Азербайжаны Ерөнхийлөгчөөр улиран сонгогдож байгаа явдал юм. Тодруулбал, 2003 онд нийт сонгогчдын 76 хувийн саналаар, 2008 онд 88.73 хувь, 2013 онд 84.54 хувь, 2018 онд 86.02 хувиар тус тус Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Ерөнхийлөгч Илхам Алиев Орос, Англи, Франц, Турк хэлээр ярьдаг. Эхнэр гурван хүүхэд, таван ач зээтэй юм.
Азербайжаны “дэгжин” дэд Ерөнхийлөгч
Ерөнхийлөгч Илхам Алиев 2017 онд түүний эхнэр Мехрибаныг тус улсын дэд ерөнхийлөгчөөр томилсон нь олны анхаарлыг татсан үйл явдал байв. Ийнхүү Азербайжаны хоёр дахь том албан тушаалд түүнийг нөхрийнхөө ивээлээр очлоо гэж хэсэгтээ хэвлэл мэдээлийн хэрэгслээр шуугисан. Дэд Ерөнхийлөгч Мехрибан Москвад анагаахын чиглэлээр суралцаж төгссөн. Тэндээ нүдний өвчин судлалын институцид мэргэжилтнээр ажиллаж байгаад Азербайжаны соёлын санг үүсгэн байгуулж өнөөдрийг хүртэл удирдаж байгаа юм. Түүнийг барууны хэвлэлийнхэн “улс төрийн анхан шатны мэдлэггүй” дэд Ерөнхийлөгч хэмээн нэг бус удаа шүүмжилж байсан юм. Түүгээр ч зогсохгүй дэд Ерөнхийлөгчийн хувцаслалтыг загварын томоохон сэтгүүлүүд шүүмжилж, түүнийг гоо сайханы хагалгааны донтогч мэтээр бичиж байлаа. Ерөнхийлөгч Илхам Алиевийн гэр бүл улс төрийн хүчийг гартаа атгахаас гадна хэд хэдэн банк, даатгал, дэд бүтэц, газрын тосны компани эзэмшдэг гэх яриа бий. Хэт загварлаг дэд Ерөнхийлөгч гэж цоллуулдаг Мехрабин хүүхдийн эрхийг хамгаалах, үндэсний соёлоо түгээн дэлгэрүүлэх чиглэлд анхаарч ажилладаг юм.
Ц.Тунгаа
Сэтгэгдэл (8)