Дэлхийн сая, сая үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа гал цогтой дуучин Мадоннагийн ‘The interview’ сэтгүүлд өгсөн ярилцлагаас товчлон хүргэж байна. Олон улсад 20 сая альбом борлуулсан боловч Мадоннагийн шүтэн бишрэгчдийн хувьд түүнээс илүү ихийг хүссэн хэвээрээ. Тэрээр дуу, бүжиг, кино урлаг гээд гайхалтай эрч хүчтэйгээр урт төлөвлөгөөтэй энэ удаагийн ярилцлагын ширээний өмнө сууж байгаа нь гайхалтай.
-Мадонна, хүүхэд байх үеийн дурсамжаас юу хамгийн түрүүнд толгойд буудаг вэ?
-Ээжийн тухай сайхан дурсамжууд толгойд буудаг. Миний дөрвөөс таван настай байх үеийнх юмдаа. Би шөнө унтаж чаддаггүй байснаа их тод санаж байна. Тэгээд ээж аав хоёрын өрөө лүү их олон удаа гэтэж, хажуугаар нь ороод нам унтдаг байсан. Унтлагын өрөөндөө ах, эгч нартайгаа хамт байсан ч надад үргэлж ганцаардмал мэдрэмж төрдөг байв. Тиймээс л би аав, ээжтэйгээ унтахаар олон удаа шөнө дунд гэтдэг байсан юм болов уу.
-Багадаа дэлхий ертөнцийг хэрхэн төсөөлдөг байсан вэ?
-Би хүүхэд байхдаа энэ дэлхийг бүхэлдээ минийх гэж боддог байсан. Хөлөө тогшин бүжиглэмээр, дүүрэн боломжийн өлгий нутаг мэт төсөөлж байснаа нуух шаардлага алга. Өөрийнхөө хүссэн бүх зүйлээ ямар хязгаарлалт тавихгүйгээр хийнэ гэдэг бардам бодол үргэлж толгойд эргэлддэг байлаа.
-Та сайн найзтай байсан уу?
-Байсан. Тийм ээ, нэг охин байсан шүү. Бид хамтдаа цагийн их хөгжилтэй өнгөрүүлдэг байсан. Мэдээж, өсвөр насны найз охидын гол сэдэв хөвгүүд байлаа шүү дээ.
-Тэндээс л бүх зүйл эхэлсэн байх нь тийм үү?
-Зуны улиралд гэртээ байхаасаа илүүтэй нагац ах, эмээгийндээ очих дуртай байсан. Нагац ах маань рок хамтлагтай. Харин эмээ Мичиганд ажин түжин амьдардаг. Тэр миний эцэг эх шиг чанд хатуу шаардлага тавьдаггүй хүн байв. Эмээгийнд очихоороо би зайрмаг, чихэр зэрэг амттан хүссэнээрээ идэж, орой үдшийн цагаар хөвгүүдтэй шар айраг уудаг байсан юм. Нэг зун би нагац ахынхаа рок тоглолт үзэхдээ амьдралдаа анх удаа нарийн жинсэн өмд өмссөн. Бас тамхи татах гэж амандаа зуусан ч тийм ч амжилттай оролдлого болоогүй. Өсвөр насны минь паян гэвэл иймэрхүү зүйлс байна даа.
-Таны уран бүтээл охидод ямар үлгэр дуурайлал үзүүлдэг гэж боддог вэ?
-Би амьдралын талаар их эерэг хандлагатай явдаг хүн. Тиймээс охидууд энэ хандлагыг минь харж байгаа гэж бодож байна. Мичиганы жижигхэн охин дуучин болохоор мөрөөдөж, шаргуу хөдөлмөрлөж, мөрөөдлөө биелүүлснээс илүүтэй тэдэнд би өөр юу харуулж, юугаар үлгэрлэж чадах юм бэ. Яг одоо хүүхдүүдэд амьдралын эерэг мессеж өгөх, урам зориг хайрлах хүн урьд өмнөхөөс илүүтэй хэрэгтэй байна. Яагаад гэвэл дэлхий ертөнцөд өвчин, өлсгөлөн, цөмийн аюул зэрэг өмнөхөөсөө улам илүү сөрөг зүйл тохиолдож байна гэж бид бүгдээрээ ам уралдан ярьж байна шүү дээ. Тэгэхээр тэднийг бишрүүлэх, урам зориг өгөх ямар нэг зүйл хэрэгтэй. Тэр нь урлаг байж яагаад болохгүй гэж.
-Хэрвээ нууц биш бол цаашдын зорилгынх нь тухай асуумаар байна. Юу хийхийг хүсч байна вэ?
-Юунд хүрсэн, юу сурсан нь хамаагүй би эргээд оюун санаандаа төвлөрмөөр байна. Жүжигчний карьер хөөх юмсан гэсэн бодол үргэлж дотор минь байсан. Үүнийгээ ажил хэрэг болгохсон гэж хүсч байна.
-Танд хамгийн хүчтэй нөлөөлсөн жүжигчид хэн бэ?
-Judy Holliday болон Carole Lombard хамгийн түрүүнд нэрлэнэ дээ. Тэдний гэнэн оршихуй, хошин шогийн мэдрэмжинд би хайртай.
Ц.Тунгаа
Сэтгэгдэл (2)