Таны фэйсбүүк өчигдөр үл мэдэх шалтгаанаар гарсан уу. Тэгвэл таны мэдээлэл алдагдсан байж болзошгүй талаар буюу Фэйсбүүк сүлжээний “View As” нэртэй үйлдлийг ашиглан бусдын хуудсанд нэвтэрч, хувийн мэдээллийг нь хулгайлж байсныг илрүүлж, зассанаа Фэйсбүүк компани өчигдөр зарлажээ.
Уг үйлдэл нь хэрэглэгч өөрийн профайлыг бусад хүмүүст яаж харагдаж байгааг шалгах зориулалттай.
Аюулгүйн ажиллагааны доголдлын улмаас хакерууд Фэйсбүүкийн 50 сая хэрэглэгчийн нууц үгийг олж авсан талаар тус компаниас мэдээллээ.
Тиймээс халдлагад өртөх магадлалтай 50 сая хэрэглэгчийг дахин нууц үгээ хийж нэвтрэх шаардлагатай болгосон байна.
Хэрэглэгч өөрийнхөө хуудсыг бусад хүмүүст хэрхэн харагддагийг харж болдог хэсгийн кодлолтын сул талыг нь хакерууд ашигласан талаар тус компаниас мэдээлжээ.
“Халдлагад өртсөн экаунтуудын мэдээллийг буруу зорилгоор ашигласан эсэхийг бид одоогоор мэдээгүй байгаа ч цаашид үргэлжлүүлэн шалгаж, илрүүлсэн зүйлсээ тухай бүрт нь мэдээлэх болно” гэж Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг өөрийн хуудсанд мэдээлжээ.
Өртсөн 50 сая хэрэглэгчийн дижитал түлхүүрийг дахин шинэчлэхийн тулд өчигдөр буюу Баасан гарагт лог аут хийлгэж, дахин нэвтрүүлсэн байна.
Энэ удаагийн алдаа 2017 оны долдугаар сард Фэйсбүүкийн видео оруулах үйлдлийг шинэчлэн сайжруулах үеэр бий болсон ажээ.
Л.Сайнаа