“Apple” компани шинээр гаргасан бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцууллаа. Тус компани шинэ бүтээгдэхүүнийхээ талаарх мэдээллийг ёслолын ажиллагаа хүртэл чандлан нууцалдаг онцлогтой. Тэгвэл энэ удаа танилцуулах ёслол болохоос хэдэн цагийн өмнө албан ёсны мэдээллийн сайт дээр нь шинэ бүтээгдэхүүний талаарх мэдээлэл урьдчилаад тавигдсан байна. Мэдээж мэдээллийг тэр даруй устгасан ч нэг бус хүн скриншот хийн мэдээллийг олон нийтэд тараасан аж. Компани энэ удаа гурван ч шинэ загварын iPhone гар утас танилцуулна гэдэг нь ийнхүү ёслолын ажиллагаанаас өмнө олон нийтэд тодорхой болсон юм.
Удалгүй танилцуулах ёслол эхэлж компанийн гүйцэтгэх захирал Тим Кук хэрэглэгчдийн хүсэн хүлээсэн iPhone Xs, iPhone Xs Max, iPhone XR загваруудыг танилцуулсан юм.
Загварын онцлог
Гурван загвар тус бүртээ өөрийн гэсэн давуу талуудтай. iPhone Xs-ийг аягтай шар айргандаа унагаад “мартсан” ч яах ч үгүй бол iPhone Xs Max урьд өмнө гаргаж байсан загваруудаас хамгийн том дэлгэцтэй. Харин iPhone XR нь өнгө үзэмж сайтай, загварлаг.
iPhone XR нь өмнөх загвар болох iPhone 8 Plus-ээс 1.5 цагаар илүү ажиллах хүчин чадалтай зай хураагуураар тоноглогджээ.
AirPower сураггүй хэвээр...
Танилцуулгын үеэр хэрэглэгчдийн хамгийн ихээр хүлээж байсан бүтээгдэхүүн нь жилийн өмнө олон нийтэд зарлагдаад сураг алдарсан AirPower утасгүй цэнэглэгч байсан. Жилийн өмнө зарлагдсан болохоор аль хэдийнэ хийчихсэн, одоо танилцуулагдана гэж итгэж байлаа. Гэвч энэ удаа “Apple”-ийнхан AirPower-ын талаар дурссан ч үгүй.
Түүнчлэн хамгийн орчин үеийн технологийн дэвшлийг шингээсэн AirPods чихэвч, iPad планшет, MacBook зөөврийн компьютер танилцуулагдаагүй нь зарим хэрэглэгчдийг гонсойлгосон байх.