Монголын чөлөөт бөхийн тамирчид энэ сарын 21-26-нд Францын нийслэл Парист болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор өнөөдөр өглөө эх орноосоо мордов.
Манай эрэгтэй бөхчүүд 1963 онд, эмэгтэй бөхчүүд 2001 онд Болгарын нийслэл Софид болсон ДАШТ-ээс эхлэн мөрөө гаргасан бөгөөд зургаан алт, 18 мөнгө, 30 хүрэл, нийт 54 медалийг эх орондоо авчирсан түүхтэй. Эрэгтэйчүүдийн 50, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн тэмцээнд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм.
Манай бөхчүүдээс гавьяат тамирчин О.Насанбурмаа хамгийн олон удаа буюу ес дэх удаагаа дэлхийн аваргад тоосоо өргөхөөр болж байна. Тэгвэл гавьяат тамирчин Д.Отгонцэцэг долоо, Г.Мандахнаран зургаа, Э.Бэхбаяр, ОУХМ О.Үйтүмэн нар дөрөв, ОУХМ Э.Нарангэрэл, Б.Шоовдор нар гурав, Д.Гомбодорж, Т.Түвшинтулга, А.Батцэцэг нар хоёр дахь удаагаа ДАШТ-д зодоглоно. Харин ОУХМ Н.Лхамгармаа, Н.Золбоо, Ө.Батзул, П.Орхон, Э.Даваачимэг, Г.Уртнасан гэсэн зургаан тамирчин дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулах юм. Монголын бөхчүүддээ Парисын дэвжээнээс олон медаль хүртэж, гялалзтал барилдахыг хүсэж захыг нь мушгих үлдлээ.
ДАШТ-Д ХҮЧ ҮЗЭХ МОНГОЛЫН БӨХЧҮҮД:
Эрэгтэйчүүдийн 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр (“Хангарьд” спорт хороо)
61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга (“Аваргууд” академи)
65 кг: Нармандахын Лхамгармаа (“Алдар” спорт хороо)
70 кг: Ганзоригийн Мандахнаран (“Алдар” спорт хороо)
74 кг: Доржваанчигийн Гомбодорж (“Сүлд” спорт хороо)
86 кг: Оргодолын Үйтүмэн (“Алдар” спорт хороо)
97 кг: Өлзийсайханы Батзул (“Хүч” спорт хороо)
125 кг: Нацагсүрэнгийн Золбоо (“Хүч” спорт хороо)
Эмэгтэйчүүдийн 48 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл (“Хангарьд” спорт хороо)
53 кг: Даваасүхийн Отгонцэцэг (“Хасу-Мегастарс” клуб)
55 кг: Эрхэмбаярын Даваачимэг (“Хилчин” спорт хороо)
58 кг: Алтанцэцэгийн Батцэцэг (“Хасу-Мегастарс” клуб)
60 кг: Баатаржавын Шоовдор (“Хилчин” спорт хороо)
63 кг: Пүрэвдоржийн Орхон (“Алдар” спорт хороо)
69 кг: Очирбатын Насанбурмаа (“Алтай” констракшн)
75 кг: Ган-Очирын Уртнасан (“Хилчин” спорт хороо)
Сэтгэгдэл (2)