Монгол хүн олимпийн дэвжээнээс алтан медаль хүртсэн өдөр өнөөдөр тохиож байна. 2008 оны наймдугаар сарын 14 буюу есөн жилийн өмнөх энэ өдөр Найдангийн Түвшинбаяр Бээжингийн олимпоос алтан медаль хүртэж, эх орон нэгтнүүдээ баярлуулсан билээ. Энэ өдөр олимпийн тэнгэрт Монгол төрийн алтан соёмбот далбаа мандаж, Монгол Улсын төрийн дуулал эгшиглэсэн юм.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр эхний барилдаандаа Японы бөх, Афины олимпийн аварга К.Сузукиг 1 минут 26 секундын дотор цэвэр ялж байлаа. Японы бөх Бээжингийн олимпт алтан медаль хүртэнэ хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байсныг Н.Түвшинбаяр ийнхүү эвдсэн. Дараа нь Германы бөх, Дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Бирла, Өмнөд Солонгосын бөх Жан Сун нарыг илт давуугаар ялсан. Мөнгөн медалийн төлөөх барилдаанд Азербаджайны бөх М.Миралиевийг ялсан бол алтан медалийн төлөө Казахстан улсын бөх А.Зиткийг вазари үнэлгээгээр ялснаар алтан медалийн болзол хангаж байлаа.
Наймдугаар сарын 14-ний энэ өдөр монгол хүн бүр нүдэндээ баярын нулимстай, Найдангийн хүүгээр бахдан биширч байлаа. Нийслэлчүүд төв талбайдаа баяраа тэмдэглэн, баярын парад хийж байсан нь хэн хүний сэтгэлд саяхан мэт санагдаж буй биз ээ.