Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадмын Үндэсний сурын харвааны шилдгүүд тодорлоо.
Эрэгтэйчүүдээс 40 сумнаас 37 оноогоор улсын мэргэн Баасанхүүгийн Ёндон түрүүлж, улсын даян мэргэн цолны болзол хангалаа. Удаах байруудад спортын мастер Б.Бумцэнд 36 оноогоор улсын гарамгай мэргэн, спортын мастер, аймгийн мэргэн А.Энхтөр 33 оноогоор гоц мэргэний болзол хангасан бол спортын мастер Б.Хатансайхан 35, улсын мэргэн Б.Сосорням 34 оноогоор айргийн тавд багтлаа.
Харин эмэгтэйчүүдээс спортын мастер Батбаярын Баярчимэг 40 сумнаас 34 онож, улсын мэргэн цолны болзол хангажээ. Тэрбээр Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, “Алдар” спорт хорооны тамирчин, Зэвсэгт хүчний 284 дүгээр анги, “Жем интернэйшнэл” компанийн харваач юм. Удаах байруудад спортын мастер Б.Аззаяа 33 оноогоор, улсын мэргэн Б.Пунсалдулам 31 оноогоор орж гарамгай, гоц мэргэн цолны болзол хангалаа.