Монголын чөлөөт бөхийн холбоо дотооддоо хөлөө олохгүй өөр хоорондоо жийлцсээр байгаа билээ. Удирдлагууд, дасгалжуулагч, тамирчдын хооронд үл ойлголцол үүсч, зарим нэг тамирчдаа бэлтгэл гарсан хойгуур нь шигшээ багийн бүрэлдэхүүнээс хөөсөн нь дөнгөж өнгөрсөн долоо хоног билээ. Гэтэл энэ дуулиантай зэрэгцээд Монголын чөлөөт бөхийн холбооны шүүгчдийн луйвар дуулиан тарьж эхэллээ. Тус дуулиан Якут, Дагестан улсад хүчээ аваад зогсохгүй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины чихэнд хүрсэн нь асуудлыг хурцатгасаар байна. Ингээд чухам юу болсон талаар “24 баримт” –аар хүргэж байна.
Баримт 1: Оросын аварга шалгаруулах тэмцээнээр Монгол шүүгчдийг луйвар хийсэн хэмээх дуулиан дэгдлээ.
Баримт 2: Оросын АШТ-ий 57кг-д хагас шигшээд дэлхийн хошой аварга Виктор Лебедев, Европын залуучуудын аварга Исмаил Мусукаев нарын барилдаан юм
Баримт 3: Рио-2016 зорихын төлөөх тус барилдааны дэвжээний шүүгчээр олон улсын шүүгч Д.Сэрээтэр ажиллажээ.
Баримт 4: Барилдааны явцад дэвжээнд бужигнаан үүсч Дагестаны багийн дасгалжуулагчийн зүгээс шударга бус шүүлт боллоо, барилдааны дүнг эргэн харахыг шаардав.
Баримт 5: Оросын спортын бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд шүүгчидтэй хамтран бичлэгийг үзэж барилдааны дүнг хэвээр үлдээжээ. Гэвч тус холбоо барилдааны шүүгчээр ажилласан Анатолий Ковалёв /Орос/, Ашот Хачатрян /Армян/, Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарыг тэмцээнээс хөөв.
Баримт 6: Орос, Дагестаны хэвлэлээр Д.Сэрээтэр, Б.Төмөрбаатар бус Монголын шүүгчид хэмээн муугаар бичигдэж байна.
Баримт 7: Энэ барилдааны талаар Дагестаны тал төдийгүй ОХУ-ын бөхийн хүрээллийн томчууд дуугарч эхэлжээ.
Баримт 8: Дэмжлэг авсан буюу ялсан бөх Виктор Лебедев уучлалт хүсч, олимпийн наадамд оролцохгүй гэсэн мэдэгдэл хийв. Тэрбээр “Энэ жил манай нутагт болсон болохоор намайг ялуулах гэж оролдсон нь үнэн. Миний талд шүүж байгаа нь өөрт минь таалагдаагүй. Шүүгч нар миний талд байсан нь үнэн. Би тасархай түрүүлэхийг хүссэн ч тэр хэмжээнд бэлтгэлгүй байсан минь үнэн.
Баримт 9: ... Мусукаев, Богомоев нартай хийсэн барилдаанаа дүгнэхэд би үнэндээ ялагдсан. Би “Рио-2016”-д оролцохгүй. Олимпийн наадамд түрүүлнэ гэдэгтээ эргэлзэхгүй байгаа ч алтан медаль зүүхдээ би баярлахгүй.
Баримт 10: ... Сэтгэлд нэг юм үлдчихлээ. Намайг луйвардаж шүүлээ гэхэд би тэсээд гарч чадна. Харин намайг илт дэмжиж ялуулахыг би тэвчихгүй. Надад хүн чанар бий. Тамирчин хүний ард гэр бүл бий. Олон жил хөдөлмөрлөж хөлс хүчээ шавхчихаад луйвардуулж ялагдана гэдэг ямар хэцүү байдгийг би мэднэ” гэжээ.
Баримт 11: Ялагдсан бөх Дагестаны бөх Исмаил Мусукаев “Би гомдолтой байна. Лебедев өөрийн хүчээр ялаагүй гэдгээ мэдэж байсан. Шүүгч нар алдаа гаргасан.
Баримт 12: ... Тэмцээнийг зохион байгуулагч нутгийн бөхийг илт дэмжсэн. Би өрсөлдөгчөө цохиогүй. Тэр ч намайг цохиогүй. Бид хоёр нэг, нэгнийгээ түлхсэн. Дагестаны баг тэмцээнийг орхиж явсан талаар гэвэл бид нэг баг. Хэрвээ өөр бөхийг шүүгч ингэж луйвардсан бол би ч гэсэн орхиод л явах байсан” гэв.
Баримт 13: ОХУ-ын Спорт, аялал жуулчлалын сайд Виталий Мутко “Дагестаны бөхчүүд тэмцээнийг орхиж явна гэдэг нь их эвгүй сонсогдож байна. Би энэ үйлдлийг сайшаахгүй байна. Би ерөнхийлөгч М.Мамиашвилитэй утсаар ярьж байдлыг хяналтдаа авахыг хүссэн. Шүүгчдийн зүгээс алдаа гарсан бол шийдвэрийг өөрчлөх боломж байх ёстой, барилдааныг дахиулчихаж ч болно шүү дээ” гэжээ.
Баримт 14: ОХУ-ын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили “Энэ барилдаанд техникийн алдаа гаргсан. Олон улсын бөхийн дүрмээр Исмайл Мусукаев 4-2-оор Виктор Ледеведийг хожсон. Гэвч шүүгч нарын шийдвэр нэгэнт гараад хожсон болохоор олон улсын бөхийн дүрмээр шүүгчдийн шийдвэрийг буцаах эрх байхгүй. Тийм болохоор энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн бөхөд олимпийн эрх олгохгүй болсныг мэдэгдэж байна. Яаж олимпийн эрхээ авах вэ гэхээр олон улсын тэмцээнд оролцсон байдал, магадгүй ахиж сорилт барилдаан явуулж байж шийдвэр гаргана” гэв.
Баримт 15: Олимпийн гурван удаагийн аварга, ОХУ-ын Төрийн думын гишүүн Александр Карелин “Шүүгч хэдийгээр хүн ч гэсэн алдаатай шүүх эрхгүй. Муу шүүлтээс болж онцгүй явдал гарлаа. Тус барилдааныг хянасан шүүгчдийн багийг шийтгэх ёстой.
Баримт 16: ... Манай дотоодын тэмцээнийг Монголын шүүгч шүүх болтлоо бид нэг нэгэндээ итгэхээ больсон гэж үү” гэв.
Баримт 17: Дагестаны дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов “Оросын аварга шалгаруулах тэмцээнд яагаад Монгол шүүгчдийг дуудсаныг ойлгохгүй байна. Тэд хэнд хэрэгтэй юм. Тэд Оросын шүүгч нараас юугаараа илүү байж чадах юм. Эсвэл өмнө нь энэ тэмцээнд Монгол шүүгч нарыг бас урьж байсан юм уу.
Баримт 18: Монгол шүүгчдийг луйвар хийсэн гэх асуудал даамжирсаар Ерөнхийлөгчийн чихэнд хүрчээ. Тэмцээний үеэр ерөнхийлөгч В.Путин Грек улсад айлчлал хийж байсан.
Баримт 19: Дагестаны “Яблоко” намын төлөөлөгчид Якутад болсон дээрх тэмцээний талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд гомдол гаргажээ. Тус мэдэгдэлд “Алсын хараагүй албан тушаалтнуудын буруутай үйлдлээс болж ОХУ-ын эв нэгдэл, гадаад бодлого, үндэсний аюулгүй байдал, улс орны нэр хүндэд аюул учирч байна.
Баримт 20: Дэлхийн хошой аварга Виктор Лебедев нь Якутын хамгийн том “ALROSA- Diamonds of Russia” компанийн захирлын туслах Михаил Эверстов гэдэг хүний хүргэн.
Баримт 21: Лебедевийн хадам аав нь Сахагийн бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч Егор Борисовын дотны найз. Иймээс энэ удаагийн тэмцээнд албан тушаалтнуудын нөлөө орсон гэжээ.
Баримт 22: Дагестаны “Яблоко” намын гишүүд Путин илгээсэн захидалдаа Монгол шүүгч нар шүүгчийн байж боломжгүй бүдүүлэг алдаа гаргаж улмаар Лебедев ялалт байгуулсан талаар дурджээ.
Баримт 23: Түүнчлэн “Владимир Владимирович та өөрөө тамирчин хүний хувьд ялалт ямар өндөр үнээр олддог болохыг сайн мэднэ. Амжилтад хүрэх, урагшаа явахын тулд тамирчин хүний хувьд тэмцээн, уралдаан шударга явагдана гэсэн итгэл үнэмшил хэрэгтэй байдаг. Михаил Эверстов шиг хүмүүс олимпийн наадамд дагестаны тамирчидгүйгээр оролцсон ч болно гэж хэлж байхад манай тамирчид ямар сэтгэл зүйгээр дэвжээнд гарах вэ. Иймээс Якутад болсон тус тэмцээнийг нарийн мөрдөн шалгах мөн Виталий Мутко, M.Mамиашвили, Д.Тевеев, E.Борисов, М.Эверстов зэрэг хүмүүсийг шалгах тушаалыг ОХУ-ын Мөрдөн байцаах хороонд гаргах хүсэлтийг танд явуулж байна” гэжээ.
Баримт 24: Рио-2016 олимпийн наадмыг Б.Төмөрбаатар шүүгч шүүхээр болсон. Гэтэл олимпийн наадмын хариуцлагатай цаг үед Монгол шүүгч, бөхчүүдийн эсрэг том турхиралт болж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (6)