Олон нийтийн сүлжээгээр Сангийн сайдын нэр зургийг ашиглан худал мэдээлэл тараасантай холбогдуулан Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр 16.15 цагт Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.
Тодруулбал өчигдөр 17 цагийн үед Б.Чойжилсүрэн Сангийн сайд гэсэн хаягаас “Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Худалдаа хөгжлийн банк дампуурлаа зарлана” гэсэн гарчигтай мэдээлэл цахим орчинд тарсан билээ. Тус хаягийг судлан үзэхэд дөрөвдүгээр сарын 15-нд хуудасны нэрийг сольж одоогийн нэртэй болгосон, 34 мянга гаруй дагагчтай, дээрх мэдээлэл нь 430 гаруй шэйр авсан байна.
Энэхүү мэдээлэлд: “Худалдаа хөгжлийн банкны хувьд санхүүгийн байдал нь хүндэрсэн. Хүндрэх болсон гол шалтгаан гэвээс Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг оросуудаас авахын тулд ХХБ болон “Улаанбаатар” банкны хадгаламж эзэмшигчдийн 500 сая ам.долларыг гаргасан. Үүгээр зогсохгүй хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр “Хөтөл” шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, орд газрууд аваад зогсохгүй УИХ-ын сонгуулиар намуудад хандив өгч тэрбум ам.доллар үргүй зарцуулсан нь Монгол банкны шалгалтаар илэрсэн.
Томоохон хадгаламж эзэмшигчид мөнгөө татаж, олон улсын банк санхүүгийн байгууллагаас бохир мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үнэлгээнд Худалдаа хөгжлийн банк орчихсон байна. Сангийн яамны мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Худалдаа хөгжлийн банкинд эрх хүлээн авагч томилох шаардлагатай.
Монгол банк ХХБ-ны дампуурлыг долдугаар сарын эхний арав хоногт зарлана гэдгээ мэдэгдсэн. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн МАН-ын бүлгийн хааллтай хуралдаан дээр хэлсэн үгнээс... 2017.05.15” гэсэн байв. Тэгвэл энэ мэдээлэл ташаа болохыг өнөөдөр салбар яамнаас нь албан ёсоор мэдэгдсэн байгаа юм.