Ганцхан Монголын говьд амьдардаг баавгайн нэгэн төрөл бол мазаалай. Гэвч тоо толгой нь сүүлийн жилүүдэд эрс багасч мөхлийн ирмэгт тулаад байгаа билээ. Тэр утгаараа нэн ховор амьтан мазаалайг аврахын тулд Байгаль орчин, аялал жуулчлалын яам тусгайлсан бодлого хэрэгжүүлэхийн зэрэгцээ ТББ-ууд, хувь хүн, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд ч санал санаачлага гарган ажилласаар байна.
Тэгвэл “Мобиком” ХХК, Бодь даатгал, “Витафит” групп, MCS групп зэрэг томоохон аж ахуй нэгжүүд энэхүү санал санаачилгад нэгдэн 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт босгож, Хамгаалалтын захиргаатай санал солилцож, тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэхээр болжээ.
Энэхүү хөрөнгөөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Ламын тооройн худгийг сэргээн засварлах, 2 булгийн эх тохижуулах, Мазаалай баавгайн тоо толгой, амьдрах орчин, идэш тэжээлийн талаар иж бүрэн судалгаа хийх аж.