Олон нийтийн сүлжээнд идэвхтэй байдлаараа манай орон дэлхийд дээгүүрт ордог. Өсвөр насны хүүхдүүд цахим тоглоомд донтох тохиолдол ч өсөх хандлагатай байгааг мэргэжлийн байгууллагынхан сануулсаар байгаа. Тэгвэл эцэг эхчүүдийг хүүхдэдээ анхаарч, тоглож байгаа тоглоом, гишүүнчлэлтэй болсон бүлэг, чат зэрэгт нь хяналт тавиарай. Учир нь, тоглогч эцэстээ амиа хорлох эрсдэлд хүргэдэг “Хөх халим” хэмээх тоглоом хэдийнэ Монголд орж ирсэн гэнэ.
Энэ тоглоомыг тоглосон өсвөр насны хүүхэд амиа хорлох тохиолдол олшрох төлөвтэй байгаа учир дэлхийн улс орнууд Засгийн газрынхаа төвшинд “Хөх халим”-ыг анхааралдаа авчээ. Тухайлбал, Мексикийн эрх баригчид нийгмийн сүлжээнд тархсан энэ тоглоомын талаарх сэрэмжлүүлгийг иргэддээ хүргэж эхэлжээ.
Мөн Мичаокан мужийн Прокурорын газраас энэ асуудлаар иргэдэд хандсан сэрэмжлүүлэг өгсөн байна. “Хөх халим” виртуал тоглоом нь ОХУ-аас гаралтай бөгөөд олон нийтийн сүлжээнд тархаж, өсвөр үеийнхнийг амиа хорлоход хүргэдгийг баталжээ.
Виртуал гэдэг нь дууны нөлөө бүхий компьютерын график хослуулан хиймэл зүйлийг бодит болгож төсөөлөх үзэгдэл аж. “Вконтакте”, “Instagram зэрэг цахим хуудасны хэрэглэгчдэд тархсан энэ тоглоомыг тоглож байгаа хүн хөнгөнөөсөө хүнд рүү шилжих даалгавруудыг биелүүлэх ёстой бөгөөд хамгийн эцэст нь амиа хорлох даалгавар авдаг гэнэ.
Сэтгэгдэл (4)