Үндэсний бичиг үсгийн баярын нээлтийн ёслол өнөөдөр 11:00 цагаас Монгол Улсын Үндэсний номын санд болно. Уг баяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, эх хэл, бичиг үсгээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах, олон түмэнд таниулах зорилгоор жил бүр уламжлан зохион байгуулагддаг билээ.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд:
- “Монгол бичгийн Ганжуур, Данжуур их хөлгөн судaр”-ыг залах ёслол
- “Монгол барын өв соёл”, “Нүүдэлчин Монголчуудын бичиг үсгийн дурсгал” сэдэвт үзэсгэлэн
- “Уран үгсийн чуулган” уран бичлэгийн үзэсгэлэн, яруу найргийн уншлага тус тус болно.
Монголд номыг модон бараар хэвлэдэг байсан газар 762 байжээ. XVI-XIX зуунд модон бараар хэвлэсэн "Жамбалцанжод", "Алтангэрэл", "Банзрагч" зэрэг эртний ном судар, бээжин, өвөрлөгч хошууд, буриад зэрэг мөн халхын болон арвайхээрийн модон бараар үндэсний бичгээр барласан 80 гаруй ном, модон барын үзэсгэлэнг ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР - 2017 арга хэмжээг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сан нь Үнэт ховор номын музейдээ 2017 оны тавдугаар сарын 4-8-ны өдрүүдэд залж олон нийтийн хүртээл болгож байгаа юм.