Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг-тай энэ сарын 10-ны өдөр уулзаж, хоёр улсын хооронд харилцан визгүй зорчдог байсан иргэдэд олон удаагийн виз олгох нөхцлийн талаар ярилцжээ.
Монгол, Солонгосын хоорондын 2004 оны тохиролцооны дагуу визгүй зорчиж байсан иргэдэд БНСУ хилийн урьдчилан шалгах систем (I-prechecking)-ийг 2017 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн нэвтрүүлсэнтэй холбоотойгоор визтэй зорчих шаардлага тавигдаад байсан.
Уулзалтаар сүүлийн 2 жилийн хугацаанд 4, эсхүл нийт 10 удаа хилээр нэвтэрсэн хоёр талын иргэдэд 5 жилийн хүчинтэй хугацаатай олон удаагийн виз /оршин суух хугацаа 30 хоног/-ийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох талаар тохиролцоонд хүрэв. Түүнчлэн Иргэд зорчих нөхцөлийг харилцан хөнгөвчлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2012 оны гэрээний хэрэгжилтийг хангаж, хоёр талын иргэдэд олон удаагийн виз олгох нөхцөлийг нарийвчлан тохирох, виз мэдүүлэгчдэд тавигдах шаардлагыг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Эх сурвалж: ГХЯ-ны Консулын Газар
Сэтгэгдэл (2)