Өнгөрсөн сард Куала-Лумпурт нас барсан Ким Чен Намын хурууны хээг Япон улс Малайзын цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна.
Японы хууль сахиулагчид Ким Чен Намыг 2001 онд тус улс руу хуурамч бичиг баримтаар нэвтрэхийг оролдох үед нь илрүүлэн саатуулж, түүний хурууны хээг авсан ажээ.
Ким Чен Нам энэ оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Куала-Лумпур хотын нисэх онгоцны буудлаас эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан билээ. Малайз улсын Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнээр, тэрбээр “VX” гэдэг мэдрэлийг саажуулдаг хорт бодисонд хордсоны улмаас нас барсан байна.
Харин Пхеньян энэ тухайд “Малайз улсад БНАСАУ-ын Ким Чоль гэдэг нэртэй иргэн нас барсан. Түүний үхлийн шалтгаан нь хортой химийн бодис бус харин зүрхний шигдээс байсан” хэмээн мэдэгдсээр байгаа юм.