Сирийн нийслэл Дамаск хотод бөмбөг дэлбэрсний улмаас 40 гаруй энгийн иргэн амь үрэгдэж 120 гаруй хүн шархадсан байна. Тус халдлага нь Баб ал Сагхир гэдэг оршуулгын газрын ойролцоох лалын шашины шиа урсгалынхны бунханы хажууханд болсон бөгөөд автобусанд зорчиж явсан мөргөлчид өртсөн байна.
Лалын шашины сунни урсгалыг баримталдаг босогчид шиа урсгалынхныг халдлагын бай болгох нь элбэг байдаг ч нийслэл хотод халдлага үйлдэх нь ховор байдаг аж. ОХУ, Турк болон Иран улсын дэмжлэгтэйгээр тус улсад түр эвлэрлийн гэрээг хэрэгжүүлэхээр Казахстан улсад уулзалдан 12 дугаар сарын 30- наас хэрэгжүүлж эхэлсэн хэдий ч энэ мэт халдлагууд гарсаар байгаа юм.
Дээрх хэлэлцээр нь хоёр үе шаттай бөгөөд 2-р шатны уулзалт нь ирэх долоо хоногт болох юм.
2011 оны 3 дугаар сараас эхэлсэн Ерөнхийлөгч Асадын дэглэмийн эсрэг боссон сөргөлдөөний улмаас 300 мянга гаруй хүн амь үрэгдэж 11 сая гаруй хүн орон гэрээсээ дайжаад байна.