Хар үүргэвч үүрсэн нэгэн эр Цагаан ордны хамгаалалтыг зөрчин ороод удалгүй баригджээ. Энэ талаар ордны Хамгаалалтын албанаас мэдээлсэн байна.
Тус албаны мэдээлснээр уг этгээд бямба гарагийн шөнө буюу Ерөнхийлөгч Дональд Трампыг Цагаан ордонд байх үеэр нэвтрэх гэж оролдсон байна. Тус этгээд нь ямар нэг эсэргүүцэл үзүүлэлгүйгээр баригдсан бөгөөд түүний цүнхнээс ямар нэгэн сэжигтэй зүйл олдоогүй ажээ.
Уг явдлын талаар Ерөнхийлөгч Д.Трамп болон АНУ-ын Дотоод аюулгүй байдлын сайд Жон Келли нарт мэдэгдсэн байна.
Хамгаалалтын албаныхан Цагаан ордны хашаанд нэгжлэг хийсэн ч аюулгүй байдлыг зөрчиж болохуйц ямар нэг зүйл олоогүй гэжээ. Цагаан ордны төмөр хашааны төмрийг тахийлган ордон руу нэвтэрсэн байсан бөгөөд хууль бусаар нэвтэрсэн уг этгээдийг тухайн бүсийг хариуцсан цагдаагийн албанд хүлээлгэн өгсөн байна.