АНУ-ын Ерөнхийлөгч Трамп өчигдөр цагаачлалыг хориглох шинэ шийдвэрт гарын үсэг зуржээ. Шинэ хоригийн хүрээнд исламын шашинтай зургаан орны иргэдэд шинээр виз олгохоос татгалзаж мөн АНУ-ын өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж буй дүрвэгсдийн бодлогыг зогсоох зорилготой байгаа талаар Трамп өгүүлэв. Тэрбээр “Обама дүрвэгсдийг хүлээн авснаар АНУ-ыг аюулд оруулсан” хэмээн мэдэгдэв.
Цагаачлалын эсрэг шинэчилсэн хоригийн хүрээнд исламын шашинтай Иран, Сири, Сомали, Судан, Йемен болон Ливи зэрэг улсын иргэдэд виз олгохгүй аж. Трампийн өмнөх хоригт багтаад байсан Ирак улсыг дээрх жагсаалтаас хассан байна. Тэрбээр ямар шалтгаанаар Иракийг хоригоосоо хассан талаар тайлбар хийхээс татгалзжээ.
Шинэчилсэн хоригийг энэ сарын 16-наас эхлэн орон даяар даган мөрдөх бөгөөд 90 хоногийн хугацаанд хоригт багтсан зургаан орны иргэдэд АНУ виз олгохгүй гэнэ.
Сэтгэгдэл (3)