Энэ оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр томоохон ноцтой алдаа гарч “Шилдэг кино” төрлийн эзнийг зарлах үед будлиан үүссэн билээ. Уг нэр хүндтэй шагналын эзнийг зарлахаар 1967 оны сонгодог бүтээл болох “Бонни, Клайд хоёр” киноны одууд Уоррен Битти, Фэй Данэвэй нар тайзнаа гарч ирээд дугтуйг задалсан юм. Тэдний зарласнаар энэ жилийн Шилдэг киногоор “La La Land” шалгарчээ. “La La Land” киноны уран бүтээлчид тайзнаа гарч баяр хөөрөө хуваалцан сэтгэгдлээ ярьж байх үед зохион байгуулагчид шагнал буруу хүмүүст очсоныг гэнэт мэдэгдэв. Зарлагч нарт буруу дугтуй өгсөн болохыг тайлбарлаж, “La La Land” киноны продюсер Жордан Хоровиц зөв дугтуйнаас гарсан хуудсыг үзэгчдэд харуулаад “Moonlight” бүтээл энэ жилийн шилдэг кино болсныг дахин зарласан.
Ийнхүү кино уран бүтээлчдийг эвгүй байдалд оруулсан үйл явдлын буруутан нь Price Waterhouse Coopers аудитын компани болжээ. Энэ компани Оскарын шагналын шүүгчдийн саналыг нэгтгэн үр дүнг гаргах хариуцлагатай үүргийг гүйцэтгэдэг юм. Компани дугтуйг сольж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, олон нийтээс уучлал гуйсан байна. PwC компанийн мэдэгдэлд “Moonlight, La La Land-ийн уран бүтээлчид, Уорен Бити, Фэй Данэвэй, Оскарын үзэгчдээс Шилдэг киноны шагналын эзнийг зарлах үед гаргасан алдаандаа бид уучлал гуйж байна” гэжээ. Энэхүү эвгүй явдлыг Оскарын түүхэнд тохиолдож байгаагүй алдаа гэж үзэж байгаа аж. Ийнхүү кино урлагийн хамгийн нэр хүндтэй үйл явдал олон уран бүтээлчид, үзэгчдээ эвгүй байдалд оруулсан будлиантайгаар өндөрлөсөн юм.