Их Британийн “Imperial College London” их сургууль болон ДЭМБ-ын судлаачид аж үйлдвэр өндөр хөгжсөн 35 улсын ард иргэдийн дундаж наслалтад дүн шинжилгээ хийжээ.
Судлаачдын үзэж байгаагаар, 2030 оноос хүн төрөлхтөн илүү урт насалдаг болох бөгөөд эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү дэлхийн ихэнх улс оронд бараг арилах аж.
Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн дундаж наслалт 2030 он гэхэд 90-ээс давна гэж судлаачид таамаглаж байна. Энэ нь дундаж нас 90-ээс давсан анхны тохиолдол болох гэнэ.
“Өмнөд Солонгос маш зөв тогтолцоотой байна” гэж судалгааны багийн ахлагч, профессор Мажид Эззати хэлэв. Түүний ярьснаар, тус улсад хүн бүр эрх тэгш, улс орны хэрэгжүүлж буй бодлогууд нь ард түмэндээ үр өгөөжтэй, боловсрол болон хоол хүнс зэрэг нь хүн бүрт хүртээмжтэй байна.
Мөн хүн амын дунд тархсан цусны даралт ихсэх өвчин болон илүүдэл жинтэй хүмүүсийн тоогоор дэлхийд хамгийн хойгуур бичигдэж байна. Одоогоор Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн дундаж наслалт 84.6 жил байгаа бол эрэгтэйчүүдийнх 78 жил байна.
Сэтгэгдэл (1)