Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах Ким Жөн Намыг мэдрэлд нөлөөлдөг “Ви-Экс” /VX/ гэдэг маш хортой химийн бодисоор хордуулан хөнөөсөн болох нь мөрдөн шалгалтын урьдчилсан дүнгээр тогтоогдлоо гэж Малайзын Цагдаагийн Ерөнхий газар өнөө өглөө мэдэгджээ.
“Ви-Экс” бол НҮБ-аас гаргасан үй олноор хөнөөх зэвсгийн жагсаалтад орсон химийн бодис бөгөөд амтгүй, үнэргүй бодис тул Химийн зэвсгийн конвенцид “үүнийг зөвхөн судалгаа, анагаах ухаан болон эм зүйн зорилгоор ашиглаж болно" гэж заасан байдаг аж.
Уг бодисыг шингэн эсвэл тосон хэлбэрээр үйлдвэрлэж болдог байна. АНУ-ын Армийн хими-биологийн “Edgewood” төвийн мэдэгдсэнээр, уг бодисыг их тунгаар ашигласан тохиолдолд 15 минутын дотор үхэлд хүргэдэг бөгөөд “мэдрэлд нөлөөлдөг хамгийн хүчтэй химийн бодис" юм.
Малайзын ЦЕГ-ын дарга Халид Абу Бакар мэдэгдэхдээ “Химийн зэвсгийн төв түүний нүд болон нүүрэн хэсэгт уг бодис байсныг илрүүлсэн. Одоо бусад хэсгээс авсан дээжийг /арчидас/ шинжилж байна” гэв.