2017 оны 1-р сард улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 36 хүний амь нас хохирсоны 10 нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцсон байна. Замын хөдөлгөөний дүрэм бол зөвхөн жолооч нарт хамааралтай зүйл биш юм. Монгол улсын Замын хөдөлгөний дүрэмд:
“Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно"
а/ явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэххүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах;
б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх;
в/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх;
г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах.” гэж заасан байдаг боловч иргэд гарцгүй газраар зам хөндлөн гарах, зам хөндлөн гарахдаа хоорондоо хэлхэлдэх, гарах гэж гүйснээ гэнэт зогсох, зогсож байснаа гэнэт гүйх, чихэвч зүүгээд гарцгүй газраар гарах, замын зорчих хэсэг дээр зогсох, такси барих, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй үедээ хөдөлгөөнд оролцох зэрэг анхаарал, болгоомжгүй үйлдлээс болж эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54.4 дэх хэсэгт зааснаар явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний буюу 24,000 төгрөгөөр торгох, хэрэв Явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний буюу 60,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна гэж хүлээлгэх хариуцлагыг тус тус заасан байна.
Сэтгэгдэл (2)