Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах Ким Жөн Намын үхэл Малайз, БНАСАУ-ын харилцаанд сэв суулгаад байна. Малайз улс Пхеньянаас Элчин сайдаа эгүүлэн татлаа.
Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Куала-Лумпурын олон улсын нисэх онгоцны буудал Ким Жөн Намыг үл таних этгээдүүд хортой зүүгээр хатган хөнөөсөн билээ. Малайзын цагдаа нар энэ хэрэгт холбогдуулан Умард Солонгосын дөрвөн иргэнийг тэд одоо эрэн сурвалжилж байгаа юм. Тэгвэл БНАСАУ-аас Куала-Лумпурт суугаа Элчин сайд Кан Чол “Куала-Лумпур дайсагнагч хүчнүүдтэй хуйвалдаж байна. Ким Жөн Намын үхлийн шалтгааны талаарх үнэнийг нуун дарагдуулж байна” хэмээн мэдэгджээ.
Энэ мэдэгдэл Малайзын эрх баригчдын дургүйцлийг хүргэсэн бөгөөд тодорхой тайлбар хийхийг Малайзын ГХЯ Элчин сайдаас шаардаж, Пхеньянаас Элчин сайдаа эгүүлэн татсан байна. Малайз бол Умард Солонгостой дипломат харилцаатай цөөн хэдэн улсын нэг байсан юм. Харин Жөн Намын үхлийн улмаас хоёр улс хоорондын харилцаа хөндийрөөд байна. Жөн Намын цогцсонд задлан шинжилгээ хийлгүйгээр шилжүүлэн өгөхийг Умард Солонгосын тал өнгөрсөн долоо хоногт шаардсан ч Малайз татгалзсан билээ.