Берлинд хийгдсэн террорын гол сэжигтэн Анис Амрийг хэрхэн устгасан талаар Италийн цагдаагийн төлөөлөгчид дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
Энэ тухай баасан гарагт “Rai 24” телевиз мэдээлсэн юм. Хэргийн сэжигтэнг Милан мужийн Сесто-Сан-Жованни хотод цагдаагийн эргүүл бичиг баримтыг нь шалгахаар орон нутгийн цагаар өглөөний 3:00 орчим зогсоожээ. Энэ үеэр Амри үүргэвчээсээ гар буу гарган цагдаа нарын эсрэг гал нээжээ. Цагдаа нарын нэг шархадсан байна.
Цагдаа нар хариу гал нээхэд сэжигтэн гэх террорист устгагджээ. Италийн ДХЯ-ны тэргүүн хурууны хээ болон бусад баримтаар Амрийн цогцсыг танин тодруулсан гэлээ. “Буудалцаанаар устгагдсан этгээд Берлины террорын хэрэгт сэжиглэгдсэн Анис Амри гэдэгт эргэлзэх зүйлгүй” хэмээн тус яамны сайд мэдэгдсэн байна.
Үүнээс өмнө арванхоёрдугаар сарын 19-ний даваа гаригийн орой Берлин хотын төвийн талбай дахь Зул сарын баярын яармаг дээр ачааны машин цугларсан олныг дайрах үеэр 12 хүн үрэгдэж, 48 нь шархадсан байлаа. Үүний дараа уг хэргийг хийсэн гэж баривчилсан хүнийг гэрчлэх баримтгүй учир мягмар гаригт суллаад дараа нь уг хэргийн гол сэжигтэн гэж Анис Амрийг нэрлэн зарласан юм.
Учир нь түүний үнэмлэх машины бүхээг дотроос олдсон ба мөн хурууны хээ нь жолоонд нь үлдсэн байжээ. Германд явуулсан тусгай ажиллагаанууд түүнийг илрүүлж чадаагүй байв. Энэ үеэр Анис Амри дөрвөн улсаар дамжин 2000 км замыг туулаад Италид ирсэн байв. Өмнө нь тэр италийн шоронд хулгай дээрмийн хэргээр дөрвөн жилийг өнгөрөөж байжээ. Амри Тунист 1992 онд төржээ. Тэрээр 2015 онд Германд очсон байна. Хэсэг хугацааны дараа тэр хууль хяналтынхны хараанд өртсөн бөгөөд түүний тухай анхны мэдээлэл энэ жилийн хоёрдугаар сард гарсан гэнэ. Түүнийг “Исламын улс” бүлэглэлтэй холбоотой гэж үзээд 24 настай залууг “эрчимтэй хяналтад” авсан байжээ.
эх сурвалж: eagle.mn
Сэтгэгдэл (2)