Африкийн Нигери улсын зүүн хойд нутагт дэлбэрэлт болсноор амь үрэгдэгсдийн тоо 56 болжээ. Түрүүнд нь 30 хүн амь үрэгдэж, 57 хүн бэртэж гэмтсэн гэж мэдээлж байсан юм.
Мадагали суурингийн зах зээлийн газарт 12 дугаар сарын 09-ний өдөр хоёр дэлбэрэлт болсон байна. Эрх баригчдын хэлснээр, тус оронд ажилладаг исламын “Боко харам” бүлэглэлийн амиа золиослогч охид энэ дэлбэрэлтийг үйлджээ. Тэд сурагч байсныг хэвлэлд дурдаж байна.
"Боко харам" Нигерийн хойд болон баруун хойд нутагт ажилладаг террорын бүлэглэл юм. Тус бүлэглэлийнхэн Камерун, Нигери, Чад зэрэг хөрш орнуудын нутаг дэвсгэрт ч бас халдлага үйлддэг байна. “Боко харам” бүлэглэл шариатын дэг журам тогтоож, Нигерийн нутагт исламын халифатын улс байгуулахыг зорьдог юм.
2009 оноос хойш тус бүлэглэлийн гишүүд Чад нуурын сав газрын орнуудад наад зах нь 20 мянган хүний амь насыг бүрэлгэж, олон арван мянган хүнийг хулгайлжээ. 2015 оны гуравдугаар сард “Боко харам” бүлэглэл террорын “Исламын улс” байгууллагад үнэнч гэдгээ андгайлсан байна.