Японы Ирума компани сэтгэцийн өвчтэй болон ахмад настнуудын гар, хөлийн хурууны хумсан дээр бар код наах шинэ үйлчилгээгээ нэвтрүүллээ.
Уг кодыг уншуулахад тухайн хүний асран хамгаалагчтай холбоо барих утасны дугаар, гэрийн хаяг болон бичиг баримтын дугаар зэрэг хувийн мэдээллүүд гарч ирэх гэнэ.
Засгийн газартайгаа хамтран хэрэгжүүлж буй уг үйлчилгээг хэн бүхэн үнэгүй авах боломжтой бөгөөд Япондоо төдийгүй дэлхийд анхдагч болж буйгаараа онцлогтой гэнэ. Нэг см талбайтай уг код хүний хумсны хэлбэрт тохирохоос гадна хүний биед ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй тухай Ирума компанийн төлөөлөгчид мэдээлжээ.
Япон улсын хүн амын ¼ -ийг 65 болон түүнээс дээш насныхан эзэлдэг нь дэлхийн хамгийн их хөгшин хүнтэй орныг тэргүүлж байна. Тус улсад сэтгэцийн өвчтэй болон өндөр настнууд алга болох үзэгдэл түгээмэл тохиолддогоос оймс, гутлан дээр нь бар код наах үйлчилгээ нэвтрүүлээд байсан.
Гэвч хүн бүр нэг оймс, гутлаа өдөр бүр өмсдөггүй, зуны халуунд оймсгүй явах ч тохиолдол бий учраас уг үйлчилгээ тийм ч амжилттай хэрэгжээгүй юм. Харин энэ удаагийн төслийг хамгийн шилдэг, тохиромжтой арга хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Японы 65-аас дээш настнууд 2055 он гэхэд 40 хувиар өсч, хүн амынх нь тоо 127 саяас 90 сая болтлоо буурах тооцоо гарчээ.