2011 онд цунамигийн улмаас Японы “Фүкүшима” атомын цахилгаан станцад учирсан хохирлыг арилгахад 22.6 их наяд иен буюу 201 тэрбум ам.доллар шаардлагатай гэж Японы Засгийн газар тооцоолжээ.
Гэр орноосоо дүрвэсэн иргэдэд нөхөн олговор олгох, цацрагийг ариутгах, АЦС-ыг хаах зэрэгт 11 их наяд иен зарцуулна гэж Японы Аж үйлдвэрийн яам 2013 онд тооцоолж байжээ. 2011 оны гуравдугаар сард Японд есөн баллын хүчтэй газар хөдлөлт болсны дараа цунами үүссэний улмаас Японы зүүн хойд эргийн нутагт ихээхэн хэмжээний хохирол учирсан билээ. Цунамигийн үеэр Фүкүшимагийн АЦС-ын гурван реактор дэлбэрсэн юм. Реактор дэлбэрсний улмаас их хэмжээний цацраг идэвхт бодис ойр орчимд тархаж, 160 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхээс аргагүйд хүрчээ.
АЦС-ыг хаахад гарах зардал өмнө нь тооцоолж байснаас дөрөв дахин нэмэгдэж, 8.2 их наяд иен буюу 73 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн гэж Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны баримт бичигт дурдсан талаар NHK агентлаг мэдээллээ.